Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт олон тооны цагаан зээр үхсэнийг тухайн бүсэд албаны хүмүүстэй шалгалтаар явж байсан төрийн бус байгууллагынхан өнгөрсөн сарын 25-нд олон нийтэд баримттайгаар ил болгосон. Үхсэн амьтдын сэг зэм “Петрочайна дачин Тамсаг” компанийн газрын тосны талбайгаас холгүй байсан нь, уурхайн ажилчид холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүйгээр тэдгээрийг булахыг завдсан нь зээрийн хорогдлын шалтгааныг уул уурхайн үйл ажиллагаатай холбон хардах үндэслэл болсон юм. Энэ үйл явдалтай холбогдуулан Засгийн газраас БОАЖ, ХЗДХ, ХХААХҮ-ийн сайд нарын бүрэлдэхүүнтэй яаралтай ажлын хэсэг байгуулж, орон нутгийн холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллан, шинжээч эмч нар үхлийн шалтгааныг тогтоохоор сэг зэмээс дээж авсан билээ.
“Петрочайна дачин Тамсаг”-ийнхан зээрийн сэг зэмийг цуглуулан кэмпийнхээ ойролцоо авчрав уу (өөрсдөө ийнхүү тайлбарласан), эсвэл газрын тосны талбайд нь үхсэн байсныг нуухаар завдав уу, олон нийтийн хардаж буйчлан тэдгээр амьтан химийн хорт бодисоос болж хорогдов уу, үгүй бол зарим хүний үзэж байгаачлан цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөв үү гэдэг нь анхаарал татаж байсан юм. Тэгвэл шинжилгээний үр дүнд цагаан зээр цаг агаарын хүндрэлээс болж үхсэн гэж дүгнэжээ.
БОАЖЯ-ныхнаас энэ талаар өнгөрсөн долоо хоногт тодруулахад “Ажлын хэсгийн дүгнэлт, шинжилгээний хариу хараахан гараагүй. Дээжийг шинжлүүлэхээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид илгээсэн. Гоц халдварт, паразиттах, байгаль орчноос шалтгаалах өвчний гэх зэрэг олон төрлийн нарийвчилсан шинжилгээ хийж байгаа учраас багагүй цаг хугацаа шаардана. Хариу гарсны дараа олон нийтэд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авна” хэмээн ярьсан юм. Хачирхалтай нь, тухайн үед шинжилгээний хариу хэдийн гарчихсан байж. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон албан ёсны дүгнэлтээ ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн ерөнхий газарт өнгөрсөн долоо хоногт илгээснийг тус байгууллагын ерөнхий эмч М.Мөнхдүүрэн хэлэв. Гэтэл гурван яамны сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн одоо болтол хариуг нь албан ёсоор мэдээлээгүй байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг “Ямар нэг өвчин, хордлогын шинж тэмдэг дээжээс илрээгүй. Өвлийн их хүйтнээр хорогдсон гэж үзэж байгаа” гэв.
Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт 428 зээр үхсэн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Шинжээчид “Петрочайна дачин Тамсаг” компанийн ойролцоо үхсэн хоёр, өөр газарт байсан нэг, нийт гурван хүүрээс сорьц авч, гоц болон архаг халдварт, паразиттах өвчний, биогеохимийн, цацрагийн бохирдлын, хор судлалын, хордлогын гэсэн зургаан төрлийн шинжилгээ хийгээд дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Түүнчлэн хоёр зээрт задлан шинжилгээ хийхэд өвчин үүсгэгч, хүнд металл, цацрагийн бохирдол, хордлогын шинж илрээгүй гэнэ. Дүгнэлтэд нь “Дорнод аймагт бог малын хорогдол өндөр зэргийг харгалзан үүнийг байгаль, цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болохоор байна” гэжээ.
Тухайн үйл явдал болох үед орон нутагт яамныхантай шалгалтаар явж байсан төрийн бус байгууллагынхан болон орон нутгийн зарим иргэн энэ хариуг үгүйсгэж буй аж. Дорнод аймгийн нэр бүхий албан тушаалтнууд шинжилгээний хариу гараагүй байхад “Зээр өвөлжилтийн хүндрэлээс болж үхсэн” гэж дүгнэж, уул уурхайнхныг илт хаацайлсан мэдээлэл түгээж ирсэн хэмээн тэд үзэж буй юм. Тухайлбал, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантулга “Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, 14 мянга гаруй мал хорогдсон. Маш их хэмжээний цас ойрхон давтамжтай орсноос зуд нүүрлэсэн. Өдөртөө 30, шөнөдөө 40 хэм хүрч хүйтэрсэн тохиолдол бий. Үүнээс болоод олон айлын мал шуурганд уруудаж, хорогдож байна. Тиймээс цаг агаартай холбохоос өөр арга алга. Зөвхөн газрын тосны XIX, XXI талбайд зээр үхээгүй. Халхгол сум, Буйр нуурын чиглэлд ч цагаан зээр хорогдсон. 2017, 2021 онд ч өнөөгийнхтэй адил хүйтрэхэд зээр олноороо осгож үхсэн” хэмээн энэ сарын 1-нд хэвлэлд ярилцлага өгснийг дурдав. Орон нутгийн зарим иргэн Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр сумд цас их орж, өвөлжилт хүндэрсэн, харин Матад, Халхголд мал, амьтан зутрахаар хэмжээнд цаг хэцүүдээгүй гэлээ. Тэгвэл тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийнхөн “Өнгөрсөн оны дөрөвдүгээр, энэ жилийн эхний улиралд Дорнод аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, Булган, Чойбалсан, Хэрлэн, Хөлөнбуйр, Матад сум, Халхголын сав газарт олон жилийн дунджаас 2-4 градусаар хүйтэрсэн. 13 удаа цас орсон ба хур тунадасны зузаан өмнөх жилийнхийг 35.2 мм-ээр давж, салхины хурд зарим үед секундэд 24-26 метрт хүрч, хүчтэй шуурга олон удаа боллоо. Ерөнхийдөө нийт нутгаар цаг агаар хүндэрсэн” гэж мэдээлэв. Дорнод Монголын нутаг, тэр дундаа зээр хорогдсон бүсэд өвөлжилт хүндэрсэн гэдэг нь баттай аж. Одоо ч нөхцөл байдал сайнгүй байгаа гэнэ.
Тусгай хамгаалалттай газарт орон зайн давхцлын судалгаа, үнэлгээ хийх зорилгоор Дорнод аймагт саяхан ажиллаад ирсэн МУИС-ийн Биологийн тэнхимийн ахлах багш, хөхтөн судлаач Н.Батсайхан өөрийн таамаг, дүгнэлтээ хуваалцсан юм. Тэрбээр Матад, Халхголоор тогтохгүй өөр газруудад ч зээрийн сэг зэм хаа сайгүй үзэгдэж байсныг, тэдгээрээс хамгийн ойр таарсан наймынх нь зургийг авч баталгаажуулснаа хэлэв. Хорогдсон зээрүүдэд үс нь зулгарч, ширхэг ширхгээрээ тарсан шинж тэмдэг нийтлэг ажиглагджээ. Мөн зургаа нь шил нь татсан байдалтай үхсэн байж. Үүнээс үндэслээд тэдгээрийг ширхтэх өвчний нөлөөгөөр үхсэн байж болзошгүй гэх таамаг дэвшүүлэв. Mallo¬phaga буюу бидний нэрлэж заншсанаар ширх хэмээн нэрлэдэг паразит шавж нь гол төлөв мал, амьтны хогжруу, гуужиж үхсэн эд, үс, шувууны өд, ноолуур болон арьсны булчирхайгаас ялгардаг зунгаг, тослогоор хооллодог бөгөөд ихэнхдээ хүзүү, хааны хэсэгт шигддэг юм байна. Халдварын тархалт нь өвөл, хаврын цагт оргил үедээ хүрээд, дулааны улиралд буурдаг онцлогтой гэх. Олон тооны ширхэд хазуулж, стресстсэн амьтад загатнаагаа арилгах зорилгоор ямар нэг зүйлд биеэ шөргөөж, үрдэг. Үүнээс болоод гэмтэх, шархтах, цус алдах тохиолдол гардаг аж. Зээрийн олон зэм олдсон гэх газрын тосны XXI талбай орчимд дэд бүтцийн байгууламж, нуруулдсан өвс байсан нь ширхээр халдварласан, цаснаас дайжсан зээр олноор цугларч нөмөрт нь хоргодох, мөн загатнаагаа тайлах таатай газар болсон байж болзошгүй гэж судлаач үзэж буй юм.
Эд, эрхтнээс нь дээж авсан, задлан шинжилгээ хийсэн гурван хүүрээс мал, амьтны өвчний шинж илрээгүй ч өдгөө амьдрахын төлөө тэмцэж буй сүрэг, газрын тосны талбайгаас өөр газарт үхсэн бодгалиудын дунд ч ширхээр халдварласан зээр цөөнгүй байж болзошгүй нь. Ер нь бид хялганат талын чимэг болсон цагаан зээрийнхээ идээшил нутагт амьдрах орчны доройтол (бэлчээр ашиглалт, уул уурхай, нүүдэл, шилжилт хөдөлгөөний тасалдал гэх мэт)-ын судалгааг бүс нутаг тус бүрт ул суурьтай хийх цаг нь болжээ. 400 гаруй хүүрээс гурвыг нь л шинжилж, түүгээр бүгдийнх нь үхлийн шалтгааныг дүгнэх нь учир дутагдалтай, үнэнээс зөрөх магадлалтайг ч судлаачид анхааруулж байна. Нэг хэсэг нь халдварт өвчнөөр эндсэн байхад нөгөөх нь цаг агаарын хүндрэл, идэш тэжээлийн хомсдолын улмаас үхсэн байж болзошгүй. Төмөр замын өргөст тор, хулгайн анчид, химийн бодисын бохирдол, түймэр гээд өөр олон аюул заналхийлэл цагаан зээрийн сүргийг цаг үргэлж отож байдаг. Иймд өргөн хүрээний судалгаа шинжилгээ, түүнд тулгуурласан байгаль хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Газрын тосны талбайн ойролцоогоос “олдсон” зээрүүдийн үхлийн шалтгааныг тогтоох гэж мунгинаж байх зуур түүнээс дутахгүй хэмжээний олон бодгаль түймрийн аюулд өртөж, идээшил нутгаасаа дайжиж буй саар мэдээг орон нутгийн хүмүүс дуулгасаар байна.