Казахстаны нийслэл Астана хотод энэ өдрүүдэд шатрын дэлхийн аварга хэргэмийн төлөө ОХУ-ын Я.Непомнящий, БНХАУ-ын Д.Лижэн нарөрсөлдөж буй. Уулгүй талд цусгүй өрнөж буй уг тулааны өмнө ОХУ-ын их мастерын дасгалжуулагч С.Кишневтэй “Спорт экспресс” сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг сонирхуулъя.
-Хоёр жилийн өмнө Дубайд болсон тоглолтуудтай харьцуулбал Ян өөртөө илүү итгэлтэй, тайван харагдаж байна?
-Маргаангүй. Дубайд тэрбээр дарамтыг давж гарч чадаагүй. Магнусыг ялахын тулд ер бусын зүйл хийх ёстой гэж бодож байсан. Бүхнийг өөрчлөх ёстой мэт. Харин Астанад Ян илүү туршлагажсан тамирчин болоод ирлээ. Хоёр жилийн дотор маш их төлөвшсөн. Эрч хүчээ гамнаж, урт тулаанд хүчээ зөв хуваарилах ёстой, зөвхөн бие махбоддоо хэрэгтэй зүйлд анхаарах хэрэгтэйг ойлгосон.
-Тоглолт Астанад өрнөж байгаа нь түүнд давуу тал болох уу?
-ФИДЕ-гийн хувилбаруудаас хамгийн боломжтой нь гэж болно. Аргентинд зохион байгуулсан бол тун хэцүү. Зөвхөн цагийн бүсийг хэлээгүй юм шүү. Казахстан бидний хувьд бараг л ах, дүү улс. Уур амьсгал, хөгжөөн дэмжигч нар таатай сайхан байна, энд бараг бүх хүн оросоор ярина. Манай баг маш их дэмжлэг мэдэрч байгаа.
-Түүхэн өнцгөөс авч үзвэл энэ удаагийн өрсөлдөөн танд 2008 оны Крамник-Анандын тулааныг санагдуулж байна уу?
-Өрөг бүр өөрийн түүхтэй. Бүгд өөр өөр байдаг. Таны өгүүлж буй Боннд болсон тэрхүү тоглолтын явцад компьютерыг өнөөдрийнх шиг их ашиглаагүй. Тухайн үед Виши компьютер дээр сайн бэлдсэнийхээ ачаар Владимирийг ялсан. Энэтхэг шатарчин маш сайн бэлтгэлтэй байсан.
-Хятад шатарчин өөртөө нэг л итгэлтэй харагдахгүй байгаа нь танд анзаарагдсан уу?
-Дин сандарч байгааг бид мэдээж анзаарсан. Миний бодлоор түүнд аваргын тулааны туршлага алга. Янд туршлага бий, гэхдээ зарим нь тун сөрөг гэх үү дээ. Гэхдээ тийм зүйлийг даваад л гарах ёстой. Туршлага газар доороос гэнэт гарч ирнэ гэж үгүй. Гэхдээ Дин бол Шаолиний сүмд шавилж байсан, 100 өрөг дараалж ялагдаагүй үнэхээр шилдэг шатарчин. Түүний баг ч сайн. Өрөг бүр амаргүй болно.
-Яны ямар зан чанар таныг бишрүүлдэг вэ?
-Хурд. Тэр ямарч зүйлийг маш хурдан ойлгодог. Энэ нь шатарт ч, шатрын хөлгийн гадна ч анзаарагддаг. Энэ талаараа тэрбээр Г.Каспаровтой тэнцэнэ гэж би боддог. Спорт, зохион байгуулалтын тал дээр Гарригаас Ян дутуу байж болох ч шатрын авьяасын хувьд огт дутахгүй.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар