НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮС, ЗУСЛАНГИЙН ЧИГЛЭЛД ХУУРАЙШИЛТ ИХТЭЙ, ОЙ ХЭЭР, ШАР ӨВСНИЙ ГАЛ ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ ТУЛ АРД ИРГЭДИЙГ АНХААРУУЛЛАА
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүс нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баруун Баянгийн Онгоцотын ар гэх газарт "2023 гуравдугаар сарын 31-нд гарсан галыг унтрааж, цурамдсан байсан нь дахин уугьж байна" гэсэн мэдээллийн дагуу өчигдөр Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргааны албан хаагчид газар дээр нь ажиллажээ.
Улмаар уучин өвөлжөө шатсан цурамд өтөг бууц доогуураа шатаж, цогтой, уугьж байсныг шалгаж бүрэн унтраасан байна. Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд цурмаас гал дахин дэгдэх, анхаарал болгоомжгүйгээс гал алдах эрсдэл хуурайшилт ихтэй нөхцөлд өндөр байна. Иймд тус цогцолбор газрын бүс нутагт нутагт аялж, зугаалж, зорчиж явахдаа халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг БОАЖЯ-аас анхааруулж байна.