Армени, Азербайжаны хил дээрх Лачины зурваст шинэ мөргөлдөөн гарсан тухай тус хоёр улс мэдэгдэв.
Арменийн Батлан хамгаалах яамны мэгдэгдж буйгаар мягмар гарагт орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд Азербайжаны Лачин хотоос холгүй орших Армений Тех тосгонд байрлаж байсан армян цэргүүдийн эсрэг гал нээжээ.
Азербайжаны Батлан хамгаалах яам Лачин хотын ойролцоох Азербайжаны цэргүүдийн байрлал руу Арменийн талаас буудсан гэж мэдэгдэв.
Арменийн ч Азербайжаны ч талаас амь үрэгдсэн, шархадсан хүмүүс байгаа гэж хоёр тал мэдээлж байна.
Тех тосгон нь Азербайжаны Горис, Лачин хотуудын хооронд хиллэдэг, Ереван-Степанакерт хурдны зам дээр байрладаг Армений нутаг дэвсгэр юм. Энэхүү хилийн зурвас нь Оросын энхийг сахиулагчдын хяналтад байдаг.
Энхийг сахиулагчдыг 2020 оны арваннэгдүгээр сард Орос, Азербайжан, Армени гурван улсын байгуулсан гэрээний дагуу оруулжээ. Тэд Карабах нутгийн армянчууд амьдардаг хэсгийг хянадаг. Өмнө нь Карабах хүрдэг зам дагуу оршдог Лачин хотыг Арменийн тал эзэлсэн боловч 2020 оны намар 44 хоног үргэлжилсэн дайнд Азербайжан ялалт байгуулснаар дээрх хэлэлцээрийн дагуу Азербажанд буцаасан юм.
Тэр цагаас хойш талууд ЗХУ гэж байх үеийн өөр өөр он жилүүдийн газрын зургийг ашиглан хоёр улсын хил хаагуур байх талаар тохиролцохыг оролдсоор ирсэн. 30 гаруй жил үргэлжилсэн цэргийн мөргөлдөөнд талууд эдгээр нутаг дэвсгэрийн хилийн заагийг тогтоож чадаагүй байна.