Олон улсын жүдо бөхийн холбооноос Казахстаны Алматы хотод зохион байгуулсан өсвөр үеийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 20 гаруй тамирчин оролцлоо. Тэднээс эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон “Женко” клубийн Ж.Анударь тэргүүлэв. Тэрбээр эзэн орны бөх Ренато Жумабаева, Кера Хегай, Узбекистаны Сабина Азаматова, Зарина Жамалова нарыг ялж, аваргаар тодорсон юм. Тэгвэл дараагийн өдөр нь 63 кг-д “Гүрү дожо” клубийн тамирчин Х.Маралмаа Узбекистаны Фотима Мусаева, Динора Эгамберганова, Киргизстаны Азима Конокбаева, Казахстаны Жибек Жаиссангбай нарыг илүүрхэж алтан медаль хүртжээ. Охидын араас медалийн буухиаг үргэлжлүүлж 52 кг-д Т.Ариунзаяа (“Гүрү дожо”) удаалан, 44 кг-д Э.Тэмүгэн (“Женко”) хүрэл медаль зүүв. Найман орны баг тамирчид өрсөлдсөн тус тэмцээнээс Монголын жүдочид дөрвөн медаль хүртсэн амжилтаар III байрт жагслаа.