Өсвөр үеийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 54, охидын 48 дахь удаагийн шигшээ тэмцээн үргэлжилж байна. 21 аймаг, 34 клубийн тамирчин тус тэмцээнд өрсөлдөж буй юм. Зургаа хүртэлх насныхны өрсөлдөөнд 109 тамирчин оюунаа сорьсноос охидын ангилалд Н.Азбаяр шилдгээр шалгарч, Хөвсгөл аймгаас 41 жилийн дараа өсвөрийн аварга цолтон анх удаа төрлөө. Хөвгүүдээс У.Ухаанбилэг тэргүүлэн Дорноговь аймгийн аварга цолтнуудын тоог нэгээр ахиулав. Манай сонин хэвлэлтэд шилжих мөчид бусад насны ангиллын тэмцээн хараахан дуусаагүй байв. Сонирхуулахад, АНУ дахь дэлхийн алдартай шатрын клубүүдийн нэг болох “Сент-Луис”-т энэ сарын 5-13-нд зохион байгуулах “Spring chess classic-2023” олон улсын тэмцээнд Монголоос “ABChess” академийн тоглогч, их мастер Д.Батсүрэн эх орноо төлөөлж, шилдгүүдтэй өрсөлдөх нь.