“Автомашингүй амралтын өдөр” өдөрлөгийг Улаанбаатарт энэ сарын 15-ны бямба гарагт зохион байгуулна. Үүний хүрээнд Монголын дугуйн холбооноос “Анхны дугуйтай гудамж” арга хэмжээг Улсын их дэлгүүрийн урд талд буюу “Битлз”-ийн хөшөөний дэргэд зохион байгуулах аж. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран “Бид автомашингүй өдрөөр дугуйтай гудамж бий болгох зорилготой. Өмнө нь 2014 онд автомашингүй өдрөөр манайх дугуйн өдөрлөг зохиож байсан. Тэгвэл энэ удаагийн өдөрлөгөөр дугуйтай гудамж бий болгоно. Энэ нь амжилттай болбол цаашид дүүрэг бүрт ийм гудамж нээх зорилготой. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Жуковын талбайг тойрсон замыг машингүй буюу дугуйтай гудамж болгохоор судалж байгаа. Мөн иргэд бидний санаачилгыг хэрхэн хүлээж авсныг харгалзан үзэж, бямба гараг бүр ийм арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй. Уг ажлыг бид сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатартай хамтран хэрэгжүүлэх юм” гэв. Сонирхуулахад, дээрх өдөрлөгийн үеэр дугуйн дэлгүүрүүд худалдаа, засвар, үйлчилгээ явуулах гэнэ. Түүнчлэн бүх насны хүүхдийн дунд уралдаан зохиож, дугуйн анхан шатны сургалт явуулахаар төлөвлөжээ. Мөн дугуйн хөгжлийг харуулсан үзэсгэлэн зохион байгуулах аж.
Бэлтгэсэн: Ж.Бурмаа