2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Ethical traveler” олон улсын судалгааны байгууллага манай орныг аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүс нутаг гэж онцолжээ. Тус байгууллага жил бүр 200 гаруй улс хамруулсан судалгаа хийж, шилдэг 10 газрыг нэрлэдэг юм байна. Өнөө жилийн шилдгээр Барбадос, Белиз, Ботсвана, Кабо-Верде, Чили, Коста-Рика, Монгол, Палау, Тимор-Лест улсыг нэрлэжээ. Эдгээрийг “Хөгжиж буй, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, зочломтгой, байгаль орчинд ээлтэй, нийгмийн дэвшилтэт, ёс зүйтэй орон” хэмээн онцлон тэмдэглэжээ. Харин Монгол орныг онгон зэлүүд байгальтай, ой, хээр, говь цөл хосолсон онцлог хэв шинж бүхий газар нутагтай, амар амгаланг мэдрэхийг хүссэн жуулчдад хамгийн тохиромжтой бүс гэж тодотгосноос гадна улс төрийн эрх, иргэний эрх чөлөөгөөр дээгүүр эрэмбэлэгддэг, иргэд нь улс төр, нийгмийн аливаа шударга бус үйл явдлын эсрэг нэгдэн тэмцэж, дуу хоолойгоо илэрхийлж чаддаг хэмээн дурдсан байв. Эдгээрийг шалгаруулахдаа байгаль орчин, хүний эрх зэрэг тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийг харгалзсан бөгөөд Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, “Freedom house” зэрэг олон улсын байгууллагаас гаргасан судалгаа, тайланг үндэслэжээ.