АНУ-Мексикийн хилийн Сьюдад-Хуарес хотын цагаачдын төвд гал гарсны улмаас наад зах нь 39 хүн нас барсан тухай “The Guardian” сонин мэдээлэв
"Сьюдад-Хуарес дахь Цагаачлалын үндэсний хүрээлэнд гарсан гал түймрийн улмаас наад зах нь 39 цагаач нас барав. Үлдсэн нь утаанд угаартаж хордсон бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байна" гэж хэвлэлд бичжээ.
Мексикийн Ерөнхий прокурорын газар хэргийн нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааг хэдийнэ эхлүүлсэн ч галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Мексикийн хэвлэлүүдийн мэдээлснээр хохирогчдын дийлэнх нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн эх орноосоо дүрвэн илүү дээр амьдрал хайн явсан Венесуэлийн цагаачид байжээ. Гэвч цагаачлалын албаны мэдээлснээр тэдгээрийнэ ихэнх нь Сьюдад-Хуарес хотын гудамжинд гуйлга гуйж байгаад саатуулагдсан хүмүүс бөгөөд зарим нь гал гарахаас хэдхэн цагийн өмнө дээрх төвд хүргэгдэн ирсэн байжээ.
Энэ явдлын дараа Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ цагаачдын нүүлгэн шилжүүлэх болоход тэд эсэргүүцэн гудас шатааснаас болж гал түймэр гарсан хэмээн онцолжээ.
Зарим хэвлэлд мэдээлж буйгаар гал гарахаас өмнө тус төвд үймээн гарсан байна.
Сьюдад-Хуарес хот бол АНУ-д нэвтрэхийг хүссэн цагаачдын гол дамжин өнгөрөх цэг юм. Тус хотод орогнол хүссэн иргэдэд зориулсан түр амьдрах олон байр бий бөгөөд тэдгээр цагаачдын өргөдлийг АНУ-ын эрх баригчид авч үзэхийг хүлээн амьдардаг аж.