ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан Флоренцын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран цоохор ирвэсийн судалгаа хийж байна. Хамтарсан багийнхан тус аймгийн Бигэр, Цогт, Чандмань, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүсэд хамаарах Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд 100 камер байршуулжээ. Үүний тусламжтайгаар ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын тархац, тоо толгойг тогтоох аж. Судалгааны эхний үе шат энэ сарын 20-ноос ирэх сарын 2-ны хооронд үргэлжлэх бол удаахыг нь зун эхлүүлэхээр төлөвлөжээ. Хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцлыг арилгах арга хэмжээ авах нь.