НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2018-2023 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл хэрэгжүүлжээ. Төслийн үр дүн, сайн туршлагаас өчигдөр олон нийтэд танилцууллаа. Агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц нэвтрүүлэх, нүүрснээс цэвэр технологид шилжих шийдлийг тодорхойлох зэрэг ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гэнэ. Тухайлбал, монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зургаан аймаг болон Баянзүрх дүүргийн 1600 өрхөд нэвтрүүлжээ. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ онцлогтой юм байна.
Уг санаачилгыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зургаан аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийнхэн дээрх төслийн багийнхантай хамтран ажиллаж буй аж. Мөн Баянхонгор аймгийн сургууль, цэцэрлэгийг халаалтыг газрын гүний дулааны насос ашиглан шийдэх ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газрынхантай хамтран агаарын бохирдлыг урьдчилан таамаглах загварчлал боловсруулжээ. Үүнээс гадна нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг жижиг оврын төхөөрөмж ашиглан хэмжих чиглэлээр орон нутгийн цаг уур, орчны шинжилгээний мэргэжилтнүүдийг чадавхжуулсан аж. Төслийн санхүүжилтээр 67 цэцэрлэг, 21 эмнэлэгт агаарын чанар хэмжих төхөөрөмж суурилуулжээ. Басзургаан цэцэрлэг, гурван эмнэлэгт агаар сэлгэх систем суурилуулсан талаараа мэдээлэв. Эдгээр сайн туршлагыг цаашид үндэсний болон орон нутгийн түвшинд нутагшуулах нь чухал гэдгийг төслийн багийнхан онцоллоо.
Бэлтгэсэн: М.Оч