Гүржийн нийслэл Тбилиси хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан жүдогийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, мөн Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нарын удирдлагад оролцлоо. Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Франческа Миланийг үүрэх мэхээр буулган авч, шагналын тавцанд зогсов. Дэлхийд амжилтынхаа чансаагаар IX байрт жагсаж буй тэрбээр ийнхүү Тбилисийн дэвжээнээс тав дахь (тус бүр нэг алт, мөнгө, гурван хүрэл) медалиа хүртэв.
Тэгвэл эрэгтэйчүүдээс 66 кг-д “Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Алматы-2022” Азийн АШТ-ий аварга, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү аваргын төлөө Киргизийн Кубаничбек Нургази-Уулутай хүч сорив. Гэсэн ч тэрбээр ялагдаж, мөнгөн медаль зүүсэн юм. “Их дуулга”-ын хоёр дахь өдөр 73 кг-д өрсөлдсөн Б.Эрдэнэбаяр алтан медаль хүртэв. Аваргын төлөө тэрбээр Узбекистаны бөх Номонов Обидхонтой учраа таарч ялснаар “Их дуулга”-аас анхны түрүүгээ авлаа.