Монгол Улс тэрбум мод тарих зорилт дэвшүүлээд хоёр жилийн нүүр үзлээ. Үндсэндээ зорилгоо биелүүлэх долоон жилийн хугацаа үлдсэн гэсэн үг. Олон улсын өмнө хэлсэн Ерөнхийлөгчийн амлалтыг биелүүлэхийн тулд монголчууд жил бүр 125 сая, өдөрт 342, цагт 14 мянга, секундэд 237 ширхэг мод тарих шаардлагатай гэсэн тооцоог иргэд гаргаад буй. Цаг хугацаа өнгөрөх тусам бид үүнээс олон мод тарих, илүү бүтээмжтэй, хурдтай ажиллах шаардлага тулгарч байна.
Тэрбум мод тарихдаа залуу нахиа буюу мөчрүүдийг стандартын дагуу тайрч үндэслүүлэх, залгах, үрээр, мөчрөөр, ургал эрхтнээр нь ургуулах зэрэг олон арга ашиглана. Энэ бүхнийг хийхийн тулд Монголд технологийн дэвшлийг нутагшуулах ажлуудыг хийнэ. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд Ойн генетик нөөцийн төв байгуулсан. Тэнд хөрс боловсруулах, бордоо бэлтгэх, үр нөөцлөх зориулалтын талбайтай, орчин үеийн шаардлагад нийцсэн их хэмжээний тарьц, суулгац үйлдвэрлэх хүчин чадалтай мод үржүүлгийн ухаалаг системийг бий болгож байна. Энэ нь жилд 10 сая тарьц, суулгац нийлүүлэх хүчин чадалтай. Үүнийг хэд хэдэн газарт нэвтрүүлэх зорилготой
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймаг, нийслэлд 3.8, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 3.4, нийт 7.2 сая мод тарьжээ. Дэвшүүлсэн зорилтынхоо нэг хувийг ч биелүүлж чадаагүй гэсэн үг. Энэ оноос эхлээд жигд, өндөр үр бүтээмжтэй ажиллалаа гэж эергээр төсөөлөхөд жил бүр багадаа 142 сая, өдөрт 391 мод тарих шаардлага тулгарч байгаа юм. Тэгвэл үүнийг биелүүлэх нөөц, боломж бий юү?
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хүний нөөц, техник, технологийн хангамжаас эхлээд шийдвэл зохих олон бэрхшээл бий. Тэр дундаас хамгийн чухал нь тарьц, суулгацын нийлүүлэлт, хангамж. Тарьц, суулгацын нөөцөө хангахгүйгээр ийм хэмжээний мод тарих боломжгүй. Мод тарих үйл явцыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй зүйрлэвэл түүхий эд нь энэ юм. Тиймээс ойн салбарын судлаач, мэргэжилтнүүд тэрбум мод тарих тухай яриа гарч эхэлсэн үеэс л үүнийг хөндөж байв. Харамсалтай нь, одоогоор үүнийг хэрхэн бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд яаж хуваарилан хүргэх, мод үржүүлгийн газруудтай төр ямар байдлаар түншлэх, чанар, стандартад нь хэрхэн хяналт тавих гээд олон зүйл бүрхэг, тодорхойгүй байна.
Бид гадаадынхны тусламжгүйгээр тэрбум мод тарина, тарьц, суулгацын нөөцөө дотоодоосоо л хангана
Уг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Ойн агентлагаас мэдээлснээр манай улс тэрбум модныхоо түүхий эдийг дотоодоосоо 100 хувь хангахаар зорьж байгаа гэнэ. Тарьц, суулгац экспортлох, нийлүүлэх хүсэлтэй иргэд, компаниуд холбогдох яам, агентлагт олноороо хандаж буй ч “Тэрбум мод”-ны стратеги, төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийг баримтлан энэ хүсэлтэд татгалзсан хариу өгч байгаа аж. Ойн агентлагийн мэргэжилтэн П.Ганзориг “Ойн тухай хуулиар гадаадаас мод оруулж ирэхийг хориглодог. Монголд ургадаггүй модлог ургамлыг туршилт, судалгааны зориулалтаар цөөн тоогоор л экспортлохыг зөвшөөрдөг. Эл зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгодог. Бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжих замаар нөөцөө бүрдүүлэхийг зорьж байгаа. Гадаадаас тарьц, суулгац оруулж ирэхийг дэмжихгүй” хэмээн ярилаа. Энэ нь нэгдүгээрт, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, хоёрдугаарт, өөрийн орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон төрөл зүйлийн мод, ургамал бойжуулах зорилготой холбоотой гэнэ. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйл дэх “Ойд хориглох үйл ажиллагаа”-нд “Мод, сөөг нутагшуулах, тарималжуулахаар хийж байгаа туршилт, судалгааны ажлаас бусад тохиолдолд тарьц, суулгац импортлох” гэж заажээ. Хуулийн зохицуулалтаар бол монголчууд тэрбум мод тарих том зорилтынхоо ард өөрсдийнхөө хүчээр л гарч таарах нь.
“2022 онд улсын хэмжээнд 12 тонн үр, 46 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4-4.5 дахин өссөн үзүүлэлт боллоо” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн оны сүүлчээр тайлагнаж байсан бол Ойн агентлагийнхан “Мод үржүүлгийн 307, ойн мэргэжлийн 280 гаруй байгууллагад нийт 55.6 сая тарьц, суулгацын нөөц бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэхийн тулд жилд багадаа 150-180 сая тарьц, суулгац нийлүүлэх шаардлагатай” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Өөр газарт шилжүүлэн суулгах боломжтой, ургах чадвартай зэргийг нь харгалзвал 55.6 сая гэдэг тоо тодорхой хэмжээгээр буурна. Тэгэхээр мод үржүүлгийн болон ойн мэргэжлийн байгууллагууд одоогоор дөнгөн данган 50 сая мод нийлүүлэх нөөцтэй гэсэн үг. Ойн агентлагийнхны тооцоолсончлон жилд 150-180 сая ширхэг тарьц, суулгац нийлүүлэх шаардлагатай гэж үзвэл одоогийн хүчин чадлыг нь 3-4 дахин нэмэгдүүлэх шаардлага үүсэх юм. Тэгвэл үүнийг хэрхэн хийх вэ?
Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэрбум мод тарихдаа залуу нахиа буюу мөчрүүдийг стандартын дагуу тайрч үндэслүүлэх, залгах, үрээр, мөчрөөр, ургал эрхтнээр нь ургуулах зэрэг олон арга ашиглана. Энэ бүхнийг хийхийн тулд Монголд технологийн дэвшлийг нутагшуулах ажлуудыг хийнэ. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд Ойн генетик нөөцийн төв байгуулсан. Тэнд хөрс боловсруулах, бордоо бэлтгэх, үр нөөцлөх зориулалтын талбайтай, орчин үеийн шаардлагад нийцсэн их хэмжээний тарьц, суулгац үйлдвэрлэх хүчин чадалтай мод үржүүлгийн ухаалаг системийг бий болгож байна. Энэ нь жилд 10 сая тарьц, суулгац нийлүүлэх хүчин чадалтай. Үүнийг хэд хэдэн газарт нэвтрүүлэх зорилготой” гэжээ. Харин БОАЖЯ-ны зүгээс мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг өргөтгөх, ойжуулалтад ашигладаг тоног төхөөрөмжүүдийг худал дан авахад дэмжлэг үзүүлэх зэргээр аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг тус яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн хэллээ. Эндээс харахад манай улс одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, дэвшилт технологийн шийдэл бүхий шинэ газрууд бий болгох замаар нөөцөө бүрдүүлэхээр төлөвлөжээ. Гэвч энэ бүхэн төлөвлөгөө төдий. Үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй. Мод үржүүлнэ, тарина гэдэг барилга, байшин босгохтой адил биш. Тэрбумаар тоологдох хэмжээний мод ургуулна гэдэг бүр ч яггүй.
Манай улс ойн салбарт харьцангуй туршлага багатайд тооцогддог. Хүний нөөц, дэвшилт технологи ашиглалт, ой хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа гээд олон зүйлээр хоцрогдмол. Тиймээс ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, шаардлагатай техник, технологи, тоног төхөөрөмж нутагшуулах чиглэлд туршлагатай орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, хангамж сайжруулах чиглэлд ч туршлагатай орнуудтай хамтрах шаардлагатайг учир мэдэх хүмүүс хэлж байна. БОАЖЯ-ны эх сурвалжийн хэлж буйгаар үүнээс үүдэлтэй ихээхэн зөрчил үүсээд байгаа аж. Мод үржүүлгийн газрууд туршилт, судалгааны зориулалтаар ч тарьц, суулгац импортлохыг хориглох хэрэгтэй, үүний цаана авлигын сүлжээ, ил, далд бизнес байдаг гэсэн асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж буй бол зарим аж ахуйн нэгж “Гадаадаас тодорхой хэмжээний нөөц авахгүйгээр тэрбум мод тарих боломжгүй” хэмээн зөвшөөрөл хүсэх болжээ.
Зарим судлаач “Монгол Улс харь зүйлийн тархалтыг хязгаарлах, хянах үүргийг Ойн тухай хууль болон Биологийн олон янз байдлын конвенцоор хүлээсэн ч импортын хяналтгүй, замбараагүй байдлын улмаас нийслэлийн төв гудамжууд нь хүртэл ийм мод, ургамлын туршилтын талбай болчихсон. Нөхцөл байдал нэгэнт иймдээ хүрсэн тул харь зүйлийн модлог ургамлыг нутагшуулах, турших судалгааг өргөн хүрээнд хийх, импортлох боломжтой, эсвэл хориглох төрөл, зүйлийн жагсаалтыг батлах, хяналт, бүртгэлийн систем бий болгох зэргээр үүнийг нэг талд гаргаж, ойн салбарын тулгамдсан бэрхшээлийг шийдэх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, “Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Бямбасүрэн ийнхүү хэлжээ.
Тиймээс “Бид гадаадынхны тусламжгүйгээр тэрбум мод тарина, тарьц, суулгацын нөөцөө дотоодоосоо л хангана” гэж гэдийхийн оронд энэ чиглэлд ямар боломж байгааг судалж, олж харж, ашиглах нь долоон жилийн хугацаанд тэрбум мод тарих төлөвлөгөөтэй монголчуудын хувьд цагаа, нүдээ олсон шийдэл байж ч болох талтай. Яг одоогийн байдлаар, ойрын хэдэн жилдээ лав манай улс тэрбум модныхоо тарьц, суулгацыг дотоодоосоо хангаж хүчрэхээргүй шинжтэй.
Бэлтгэсэн: Н.Мишээл