Шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Улаанбаатарт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын шигшээ баг өнөөдөр “Степп арена”-даа хоёр дахь тоглолтоо Филиппинтэй хийлээ.
Эхний тоглолтод манай баг Кувейтийг 8:0-ээр буулган авсан бол Филиппин Индонезийг 14:0-ээр бут ниргэсэн юм. Урьдчилсан финал гэж хэлж болох өнөөдрийн тоглолт "Степ арена"-д цугласан үзэгч, хөгжөөн дэмжигчдийн өндөлзүүлж Филиппиний хүчтэй баг манайхыг нэмэлт цагт 7:6-гаар хожлоо. Монголын шигшээ багаас М.Чинзолбоо, Э.Энх-Амгалан, Н.Мишигсүрэн, И.Гэрэлт, Э.Мөнхзаяа, Д.Лхагвадорж нар гоол оруулав.
I үед Филиппиний баг 3:0-ээр давамгайлсан бол II үед манай залуус 3 шайб хийж тоог тэнцүүлсэн. Шийдвэрлэх III үед багууд тус бүр 3 гоол оруулж үндсэн цаг 6:6-аар тэнцсэн. Ингээд нэмэлт цагт ялагч шийдэгдэхэд эсрэг багийн тоглогч манай хаалгыг мялаалснаар харамсалтай хожигдов. Ингэснээр Монголын шигшээ баг маргааш 18:00 цагт сүүлийн тоглолтоо Индонезийн эсрэг хийнэ.