Пүрэв гарагийн орой Их Британи руу айлчлахаар төлөвлөж байсан Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн нислэг нь дотоодын улс төрийн зөвшилцөл сунжирсны улмаас хойшилжээ. Энэ тухай “The Times of Israel” сонин мэдээлэв.
Тус хэвлэлд бичснээр Ерөнхий сайдын онгоц Лондон руу орон нутгийн цагаар 04:00 цагийн орчимд өглөө эрт нисэх ёстой байв. Аяллыг хойшлуулсан нь Кнессет (парламент) дахь "санал хураах болон хууль тогтоох үйл ажиллагаа сунжирсантай" холбоотой гэж Нетаньяхугийн ажлын албаны төлөөлөгчийн үгийг иш татсан байна.
Харин Британийн "The Daily Telegraph" сонин пүрэв гарагт Израилийн Ерөнхий сайдыг Лондонд хүргэхийг нэг ч нисгэгч хүсээгүй тул Натаньяху Их Британид хийх айлчлалаа хойшлуулахаас өөр аргагүй болсон гэж бичжээ. Тус сонинд Британийн Засгийн газрын танхим дахь эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь Израйль дахь шүүхийн шинэтгэлийг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал цуглаантай холбоотой аж.
Израилийн нисгэгчид өмнө үүнтэй төстэй эсэргүүцэл үзүүлж, Нетаньяхуг Ромд хүргэж өгөхөөс татгалзаж байсан тухай гэж тус сонин мөн тэмдэглэжээ.
Нетаньяхугийн танхимыг эсэргүүцсэн сөрөг хүчний олон нийтийг хамарсан жагсаал нэгдүгээр сарын эхнээс үргэлжилж байна. Эсэргүүцлийн шалтгаан нь шинэ Засгийн газраас өргөн барьсан шүүхийн шинэтгэлийн төсөлд Улсын дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарлаж, шүүгчийн сонгон шалгаруулалтыг гүйцэтгэх засаглалд өгөхөөр тусгасан байсан юм.
Сөрөг хүчнийхний үзэж байгаагаар энэхүү шинэчлэл нь төрийн ардчиллын үндсийг алдагдуулж байна.
Засгийн газар ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд сөрөг хүчний сөргөлдөөнтэй үг хэллэгийг үл харгалзан сонгогчдын дийлэнх нь дэмжсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж Нетаньяху мэдэгдэв.