Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг “ӨӨРЧЛӨЛТ, СЭРГЭЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриалгын хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.
Иймд хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Усны үндэсний чуулганыг угтаж
•“Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд”,
•“Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд”,
•“Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаануудыг зохион байгууллаа.
Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хяналт-шинжилгээний сүлжээ, хайгуул судалгааг өргөтгөх, бохирдол, доройтлыг бууруулах, хүн амыг баталгаат усаар хангахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцлээ.
Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, улс орныхоо өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахын тулд “Цэнхэр алт” үндэсний чуулган болон салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн нийт 4 зүйл, 19 заалт бүхий чуулганы зөвлөмжийг боловсруулан, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллахыг даалгав.