Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газар дагуух долоон сумыг хамруулсан “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” аяныг 2016 оноос хойш хэрэгжүүлж буй. Гол, мөрний дагуух газар нутгийг ойжуулах замаар усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх зорилготой уг санаачилгын хүрээнд тус байгууллагынхан иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран өнгөрсөн долоон жилд 180 орчим га газарт 300 мянган ширхэг мод тарьжээ. Үүнд дунджаар 6000 гаруй хүн өөрсдийн санаачилгаар нэгдсэн байна. “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” аяныг өргөжүүлэх зорилгоор “Өрх бүр жимсний аж ахуйтан болъё”, “Нэг хүүхэд, нэг нахиа” зэрэг санаачилгыг мөн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлжээ. Аяны хүрээнд нөхөрлөлүүд жил бүр шинэс, нарсны боргоцой түүж, үр бэлтгэн ойн ангид дэмжлэг үзүүлдэг аж. Энэ сарын байдлаар гэхэд ойн нөхөрлөлүүд 1550 ширхэг боргоцойноос 13.5 кг үр бэлтгэж, нөөцөлжээ.