Герман, Францын хооронд дотоод шаталтын хөдөлгүүртэй /ДШХ/ автомашин болон цөмийн эрчим хүчийг хориглох асуудлаар санал зөрөлдсөний улмаас ноцтой зөрчилдөөн үүсээд байгаа тухай Politico бичжээ.
ЕХ-ны удирдагчид пүрэв, баасан гаригуудад Брюссельд уулзаж, тус холбооны эдийн засгийн өрсөлдөх чадвар, Украинд үзүүлэх дэмжлэгийн талаар хэлэлцэх боловч Берлин, Парисын зөрчилдөөн хэлэлцээрийг тасалдуулахад хүргэж болзошгүй байна.
Өмнө нь Герман улс Итали тэргүүтэй цөөн тооны холбоотнуудын хамтаар ЕХ-ны 2035 он гэхэд ердийн хөдөлгүүртэй автомашиныг худалдаалахыг хориглох шийдвэрийг эсэргүүцэж "дуулиан" үүсгэсэн юм. Берлин Германы автомашины үйлдвэрлэлд ашиг тусаа өгөх чулуужсан түлшийг дэмжин синтетик хувилбарыг оруулахгүй байхыг шаардаж байгаа ч Европын парламент түүний хүсэлтийг хоёр ч удаа буцаасан байна.
Үүнийг цөмийн эрчим хүчийг Европын холбооны "цэвэр" технологийн жагсаалтад оруулахыг эрмэлзэж буй Францын талаас хурц шүүмжлэн, Германы дургүйцлийг төрүүлсэн гэж Politico бичжээ.
Үүний зэрэгцээ ЕХ-г нүүрстөрөгчөөс ангижруулах асуудалд цөмийн эрчим хүчний ач холбогдлыг бууруулсан Европын комисст үзүүлж буй Олаф Шольцын засгийн газрын шахалт ялангуяа Парисыг ихэд уурлуулжээ.
Энэ долоо хоногийн эхээр Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецола ЕХ-ны зөвлөлд илгээсэн захидалдаа тус холбооны авто тээврийн салбарт тохиролцсон хууль тогтоомжийг "сүүлийн мөчид" Герман улс өөрчлөхийг оролдсонтой холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлжээ.