Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ-д оролцсон Монголын найман тамирчнаас гурав нь хүрэл медалийн төлөө тоглохоор болсон. 48 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчинЛ.Алтанцэцэг Узбекистаны Фарзона Фозилова, 52 кг-д О.Есүгэн Италийн Сиринэ Чарааби, 54 кг-д М.Энхжаргал мөн Италийн Олена Савчуктай тулалдахаар учраа таарсан нь шагналын тавцанд зогсох, эсэхийг шийдэх чухал өрсөлдөөн байв. Медалийн тоглолтын салхийг хагалж Б рингэнд Л.Алтанцэцэг 19 настай, энэ оны залуучуудын Азийн аварга хүчтэй өрсөлдөгчөө 5:0-ээр илүүрхэж хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр медалийн өнгөө хувиргах тулаанд Мароккогийн тамирчин Ясмин Моуттаки, Болгарын Юлианова Асенова нарын хэн ялсантай нь өнөөдөр тоглоно. Түүний дараа О.Есүгэн залуучуудын Европын аварга итали боксчинтой тоглосон ч медалиас атгаад алдлаа. Сонины дугаар шилжих мөчид М.Энхжаргалын тулаан хараахан эхлээгүй байв. Энэ удаагийн ДАШТ 2.4 сая ам.долларын шагналын сантай. Аварга болсон тамирчин 100 мянган ам.долларын шагнал гардах бол удаалсан нь 50, хүрэл медаль зүүсэн нь 25 мянган ам.доллар хүртэнэ.
Боксын ДАШТ-д манайхаас гурван эмэгтэй медалийн төлөө тулалдсан анхны тохиолдол нь энэ болов. Өмнө нь М.Нандинцэцэг 2018 онд хүрэл медалийн эзэн болж, Монголын боксын спортод шинэ түүх бүтээсэн билээ.