Байгалийн түүхийн музейнхэн Дэлхийн усны өдөрт зориулж, түр үзэсгэлэн дэлгэлээ. Дэлхий дээрх биологийн төрөл, зүйлийн 40 хувиас илүү нь ус намгархаг газраас хамааралтай өсөж, үржиж, төлжиж байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол орны ус намгархаг газрын чийг буурсаар, хатаж, ширгэсээр буй. Тиймээс тус музейгээс “Цаг нь иржээ, ус намгархаг газрыг нөхөн сэргээе” уриа гаргаж, хүүхэд залуус сонирхохуйц, үзэсгэлэн дэлгэв. Үзэсгэлэн ургамал, шавж, шувуу, хөхтөн амьтан, хоёр нутагтан гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, Байгалийн түүхийн музейн сан хөмрөг дэх ус, намаг, нугын зүйлүүдийн цуглуулгаас сонгосон, 70 зүйл ургамлын хатаамал, 10 зүйл шувуу, 3 зүйл хоёр нутагтан, 50 гаруй усны шавж зэргийг амьдрах орчинд нь дэглэн үзүүлсэн нь онцлог байв.
Мөн музейн судлаачдын монгол орны бүхий л нутгаас буулгасан ус намгархаг газар нутгийн 44 гэрэл зураг болон "Guide to wetland plants in Mongolia" бүтээлийг танилцуулсан юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Ч.Дугаржав оролцож, сонирхолтой мэдээлэл өглөө. Түүнчлэн МУИС-ийн багш, профессор Б.Оюунцэцэг оюутнуудтайгаа ирж, ус намгархаг газар бидний оршин буй дэлхийд яагаад чухал талаар ярилцсан юм.
Академич, профессор Ч.Дугаржав “Монголд 1960-аад оноос ус намгархаг газрыг судалж ирсэн. Тухайн үед мэдээгээр нийт хуурай газар нутгийн хоёр хувийг намгархаг бүс эзэлдэг тухай мэдээлж байв. 2003 оноос намгархаг газрын судалгааг дахин эхлүүлсэн. Иж бүрэн судалгаа хийсэн. Одоо эл хэмжээ 1.7 хувь болж багассан. Беларусь, Украин, Польш, Финланд, Вьетнам зэрэг улсууд усархаг газрынхаа хүлрийг ашиглаж, ногооны бордоо, барилгын материал хийдэг. Монгол орны хүлэр бага тул боломжгүй. Манай оронд хүлэр үүссэн хугацаа 600-1500 жилийн өмнө гэж тооцогддог. Энэ нь харьцангуй “залуу” үедээ орно” хэмээсэн юм.
Өнгөрсөн 50 орчим жилд, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хэт ашиглалт, хөдөө, аж ахуйн газар эдэлбэр, орчны бохирдолтой холбоотойгоор ус намгархаг газрын талбайн хэмжээ 35 хувиар буурсан байна. Тиймээс 1,439,530 га талбайг хамгаалалтад авсан байдаг. Ус намгархаг газар нь биологийн олон янз байдлыг хадгалж, хамгаалах, усны нөөцийг зохицуулах, ган болон үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг онцгой ач холбогдол бүхий эко систем юм. Төв Азийн өндөрлөгт байрладаг манай орны хувьд ус намгархаг газрууд нь нүүдлийн шувуудын дамжин нүүдэллэх, амьдрах, үржих, амрах газар нутаг болдог. Үүнээс гадна идэш тэжээлийн нөөцийг нь агуулж байдгаараа шувуудад ээлтэй экологийн чухал орчны нэг.
1992 онд НҮБ-ийн хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр (World Water Day) болгон зарлаж, 1993 оноос хойш тэмдэглэсээр иржээ.