Биатлоны 2022-2023 оны “Дэлхийн цом”- ын тэмцээн өндөрлөлөө. Энэ өвөл цанын зам дээр Йоханнес Бётай өрсөлдөх тамирчин гарсангүй. Тэрбээр бараг л хүч гаргалгүй алтан медалийг ээлж дараалан авсны зэрэгцээ олон дээд амжилт тогтоов.
ИТГЭМЭЭРГҮЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Й.Бё 2018 оноос хойш гурван жил дараалж “Болор бөмбөрцөг”-ийн эзнээр тодорсон ч олимпын улиралд тийм ч сайн уралдаж чадаагүй. Олимпын наадмаас өмнө тэрбээр шагналын тавцанд хэд хэдэн удаа гарахдаа ганцаарчилсан төрөлд нэгхэнтүрүүлсэн. Гэхдээ олимпын наадамд өөрийн “класс”-ыг харуулж чадсан ч “Бээжин-2022”-ын дараа тухайн улирлын бусад гараанд оролцохгүй гэдгээ зарласан юм. Ийнхүү тэрбээр “Дэлхийн цом”-д нийлбэр дүнгээр дөнгөж 13 дугаарбайр эзлэв.
Харин 2022-2023 оны улирлыг Й.Бё шинэ эрч хүчээр эхлүүлсэн агаад түүнтэй өрсөлдөх нь боломжгүй гэдгийг бусад тамирчин ойлгосон юм. Тодруулбал, тэрбээр нэг улиралд хамгийн олон ялалт байгуулсан өмнөх дээд амжилтаа шинэчиллээ. 2018-2019 оны улиралд норвег тамирчин 16 гараанд түрүүлсэн. Тэгвэлэнэ улиралд шагналын тавцангийн хамгийн дээд тавцанд 19 удаа заларчээ. Өөрөөр хэлбэл, Й.Бё ганцаарчилсан 25 уралдааны 19-д нь тэргүүлсэн. Үүнээс ч олон ялалт байгуулах боломжтой байсан ч коронавирус туссаны улмаас Эстерсундэд болсон хоёр гарааг өнжжээ.
“Өмнөх амжилтаа эвдэж чадахгүй гэдэгтэй би эвлэрээд байсан. Гэтэл энэ улиралд... Ялалтаараа би бахархаж байна. Одоогийн ам-
жилтаа харин огт эвдэж чадахгүй байх” хэмээн норвег эр өгүүлжээ. Түүнчлэн “Дэлхийн цом”-ын хамгийн олон гараанд ганцаарчилсан төрлөөс дараалж медаль хүртсэн М.Фуркадын дээд амжилтыг Й.Бё эвдсэн. 2017-2018 оны улиралд франц тамирчин 15 дараалж медалийн тавцанд гарсан бол норвег “шидтэн” эл цувралыг 18 болгон шинэчиллээ. Мөн тэрбээр 11 гараа дараалж тэргүүн байрт шалгарсан өөр нэг хосгүй дээд амжилтын эзэн болсон.
ХҮЛЭЭЖ БУЙ АМЖИЛТУУД
Одоогоор норвег тамирчинд “дийлдээгүй” хэд хэдэн дээд амжилт байгаа ч ойрын ирээдүйд тэрбээр ихэнхийг нь эвдэх бүрэн боломжтой. Жишээлбэл, “Дэлхийн цом”, ДАШТ, олимпын наадамд түрүүлсэн гараа, хүртсэн нийт медалийн тоогоор дээд амжилт тогтооход Й.Бё ойртсоор буй. Өдгөө эл амжилтыг 95 гараанд түрүүлж, 179 медаль хүртсэн О.Эйнар Бьорндален эзэмшдэг бол хоёрдугаар байрт М.Фуркад (83 болон 150) бичигддэг. Харин энэ улирлын дараачаас Йоханнесийн амжилт 74 гараа, 102 медаль болоод байна.
Тэрбээр дөрөв дэх удаагаа “Болор бөмбөрцөг”-ийн эзэн болж, спринт болон цуваа гараатай төрөлд нийлбэрээр түрүүлсэн. Тэрбээр эл үзүүлэлтээр М.Фуркад (7), О.Эйнар Бьорндалены (6) ард бичигддэг юм. 2023 оны ДАШТ-д Й.Бё нийт долоон уралдааны бүгдээс нь медальхүртсэн. Үүнээс тавд нь түрүүлж, тусбүрнэг мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм. Ингэснээр дэлхийн 17 удаагийн аварга болсон агаад түүний өмнө 20 алтан медальтай О.Эйнар Бьорндален бий. Эцэст өгүүлэхэд, Й.Бё энэ улирлын сүрдэм амжилтынхаа ачаар чамлахааргүй их орлого олсон. 2022-2023 оны улирлын “Дэлхийн цом”- оос тэрбээр 350 мянган евро хүртсэн бол ДАШТ-ээс 110 мянган еврогийн орлого олжээ.
Бэлтгэсэн Н.Энх