Өнөөдөр тохиож буй Дэлхийн ойн өдрийг угтсан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний VI хурал өчигдөр боллоо. “Эрүүл ой-эрүүл хүн” уриан доор зохион байгуулсан энэ удаагийн хуралд төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн БОАЖГ, ойн анги, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөл, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтэн, судлаач нийлсэн 200 гаруй хүн оролцож, салбарын тулгамдсан асуудлуудыг хөндлөө. Ерөнхийлөгч ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан нь ойн салбарын хөгжил, сэргэлтэд анхаарах томоохон түлхэц болсон. Иймд ойн салбарын тулгамдсан асуудлуудыг олон нийтийн анхааралд хүргэх, хугацаа алдалгүй шийдэх, ой хамгаалалд иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг зохион байгуулагчид дурдлаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хурлын эхэнд “2022 оны тавдугаар сарын байдлаар 737 мянган га ой хөнөөлт шавжид идэгдсэнийг тогтоосон. Бид нэг талд тэрбум мод тарих тухай ярьж байхад нөгөө талд түүнтэй тэнцэхүйц тооны залуу мод үгүй болж буй нь харамсалтай. Хортон шавжаас гадна самрын бизнес ойн доройтолд үлэмж хэмжээгээр нөлөөлж байна. Ой модоо энэ хэвээр алдсаар байвал усаа, амьсгалах агаараа ч алдана” хэмээн анхааруулсан бол Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн салбарт шинэчлэл хийх цаг нь болсон. Нээлттэй хэр нь бүгдэд хүртээмжтэй, тодорхой стандарттай, хариуцлагатай, мэргэжлийн тогтолцоо руу шилжих шаардлагатай. Салбарын шинэчлэлийн хүрээнд “eForest” платформ хөгжүүлж, нэвтрүүлэхэд бэлэн болсон” гэв.