Америкийн MQ-9 тагнуулын дрон 3-р сарын 14-ний өглөө Хар тэнгис дээгүүр төвийг сахисан бүст Оросын Су-27 сөнөөгч онгоцтой мөргөлдсөний дараа осолдлоо гэж Европ дахь АНУ-ын цэргийн командлал мэдэгдэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам дрон сүйрсэн болохыг баталсан ч мөргөлдсөн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Америкийн командлалын мэдээлснээр Оросын хоёр Су-27 онгоц "ердийн ажиллагаа" явуулж байсан дроныг саатуулсан байна. Сөнөөгчдийн нэг нь маневр хийж байхдаа MQ-9-ийн сэнсэнд хүрсэн бөгөөд үүний дараа дрон хяналтаа алдаж, усанд унажээ.
Сөнөөгчдийн маневруудыг АНУ-ын арми "мэргэжлийн бус, аюултай" гэж тодорхойлж, "хоёр онгоцыг сүйрүүлэх шахсан" гэж мэдэгджээ.
“Энэ хэрэг явдал нь олон улсын агаарын орон зайд, тэр дундаа Хар тэнгисийн дээгүүр АНУ болон холбоотны нисэх онгоцуудтай харьцах үед Оросын нисгэгчдийн хэд хэдэн удаагийн аюултай үйлдлүүдийг үргэлжлүүлж байна. Оросын багийнхны ийм түрэмгий үйлдэл нь аюултай бөгөөд гэнэтийн хурцадмал байдалд хүргэж болзошгүй " гэж Европ дахь АНУ-ын командлал хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.
Америкийн талын эл мэдэгдлээс хоёр цагийн дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам албан ёсны тайлбар хийлээ. Тус яамны мэдээлснээр, АНУ-ын нисгэгчгүй онгоц Крымын бүс нутагт дайны улмаас нислэгийн хязгаарлалт тогтоосон бүсэд дамжуулагчаа унтраан, “Оросын хилийн чиглэлд” нисч байжээ.
Нисгэгчгүй онгоцыг танихын тулд сөнөөгчдийг агаарт хөөргөсөн байна. Үүний дараа "хурц маневр хийсний үр дүнд" нисгэгчгүй онгоц хяналтаа алдан осолдсон гэж Оросын цэргийнхэн мэдэгдэв. Батлан хамгаалах яамнаас сөнөөгч онгоцтой мөргөлдсөн талаар юу ч хэлсэнгүй.
"Оросын сөнөөгчид агаарын зэвсэг хэрэглээгүй, нисгэгчгүй онгоцтой харьцаагүй бөгөөд үндсэн нисэх буудалдаа эсэн мэнд буцаж ирсэн" гэж Оросын Батлан хамгаалах яам онцолов.
Эл үйл явдалтай холбогдуулан АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антоновыг АНУ-ын Төрийн департаментад дууджээ.
Мөн Хэрэг явдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэдэгдсэн гэж АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби мэдэгдэв.
Нисгэгчгүй онгоцыг саатуулах нь өөрөө ер бусын зүйл биш бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт Хар тэнгисийн дээгүүр ийм хэрэг гарах болсон ч энэ удаад нисгэгчдийн үйлдэл "аюултай, мэргэжлийн бус, болгоомжгүй" байсныг Кирби тэмдэглэв.
Одоогоор Кремль энэ үйл явдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.