Манай орны нийт нутгаар энэ сарын 9-нөөс эхлэн шуурч, зарим газарт байгалийн аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Хүчтэй шуурганы үеэр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын 220 кВ-ын нэг тулгуур хазайж, томоохон хэмжээний гэмтэл энэ сарын 9-нд гарчээ. Үүний улмаас Өмнөговь аймгийн есөнсум цахилгаангүй болсон аж. Дээрх компанийн засварын баг газар дээр нь ажиллаж, энэ сарын 11-ний 15.00 цагаас гэмтлийг засаж дууссан байна. Түүнчлэн шуурганы улмаас Ховд, Архангай, Өвөрхангай аймагт айлуудын гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тохиолдол цөөнгүй гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тухайлбал, Архангайд сургуулийн барилгын дээвэр хууларсан бол Өвөрхангайд хоёр айлын гэр нуржээ. Ховдод зургаан гэр нурж, дөрвөн байшингийн дээвэр хууларсан байна.
Бэлтгэсэн М.Оч