Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын өргөтгөл, засварын ажилд ашиглах зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газруудыг бүрэн нөхөн сэргээж, цэвэрлэх тухай хугацаатай албан даалгаврыг БОАЖ-ын сайд зарим аймаг, дүүргийн Засаг дарга болон БОАЖГ-ын удирдлагад хүргүүлжээ. Зам засварын ажилтай холбогдуулан ухсан нүх, карьер, овоолсон шороо, хог хаягдлыг одоо болтол бүрэн цэвэрлээгүй нь орчны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүн, амьтан унаж бэртэх эрсдэлтэй гэж үзжээ. Иймд сар бүрийн 25-ны дотор албан даалгаврын биелэлтийг тайлагнаж, энэ оны аравдугаар сарын 15 гэхэд нөхөн сэргээлт, цэвэрлэгээг бүрэн дуусган, тус яамны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газарт танилцуулахыг үүрэгдсэн байна. Одоогоор Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Сэлэнгийн Баянгол, Дархан-Уулын Дархан, Хонгор сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтоос үүдэлтэй карьер, шороон овоолгууд үлдээд буй аж.