Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт өчигдөр үдэш Шангри-Ла зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Хүлээн авалтад Монгол Улсын төрийн өндөр дээд албаныхан тэргүүтэй зочид төлөөлөгчид, Элчин сайдууд, хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан Япон Улсын иргэд, зүтгэлтнүүд, Японд сурч төгсөгчдийн холбоо зэрэг олон зочид хүрэлцэн иржээ.
Морин хуурын чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ Монголын ард түмэнд сайн сайхныг хүсээд "Монгол Улс яндашгүй их баялгаа зөв зарцуулж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхаасай" хэмээн онцолсон билээ.
Үүний дараа тэргүүн зочид төлөөлөгчид уламжлалт хувцас өмсөж “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол үйлдэж, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн хундаганы үг хэлсэн юм. “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол нь торхтой сакэны тагийг цохиж задлан, аз жаргалыг дууддаг утга учиртай японы уламжлалт зан үйл аж.
Хүлээн авалтын танхимын орох хэсэгт Монголтой харилцаа бүхий Японы орон нутгийн засаг захиргаанаас ирүүлсэн Япон, Монголын харилцааны гэрэл зургаар үзэсгэлэн дэлгэсэн байв. Мөн Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох хөтөлбөрийн зэрэг байгууллага энэхүү үзэсгэлэнд өөрсдийн хийсэн бүтээлснээ дэлгэж, ирсэн зочдод гарын авлага, мэдээлэл тараасан юм.