Ираны хэд хэдэн хотод олон зуун сурагч охид хордлогод орсон хачирхалтай тохиолдлууд гарчээ. Эл үзэгдэл арваннэгдүгээр сард эхэлсэн бөгөөд одоо олныг хамарсан шинж чанартай болсон байна.
Тус улсад охид хөвгүүдийн боловсрол тусдаа байдаг бөгөөд хордлого зөвхөн охидын сурдаг сургуулиудад гарчээ.
Олон охидын хувьд үе мөчний түр зуурын саажилт, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд аяандаа алга болсон бол зарим нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай болжээ. Өвдсөн охидууд ихэвчлэн ер бусын үнэрийн талаар ялзарсан жүрж эсвэл хурц сүрчигний үнэртсэн гэж мэдэгджээ. Зарим газар олноор хордох тохиолдол гарахаас өмнө үл таних хүмүүс сургуулийн хашаа руу эд зүйл шидсэнийг гэрчүүд анзаарсан байна.
Эрх баригчид эхлээд хорлон сүйтгэх ажиллагааг үгүйсгэн "охидууд зүгээр айж сандарсан" гэж үзэж байсан бол өнөөдөр албан тушаалтнууд сурагч охидын эсрэг санаатай халдсан байж болзошгүйг хүлээн зөвшөөрөв.
Ираны парламентын Боловсролын хорооны даргын мэдэгдснээр хордлого гарсан зарим сургуулиудаас азотын хий илэрсэн байна.
Халдлагыг чухам хэн үйлдсэн гэдгийг дурдаагүй ч ихэнх шинжээчид үүний ард эмэгтэйчүүдийн боловсролыг эсэргүүцдэг радикал исламын бүлэглэлүүд байгаа гэж үзэж байна.
Өнгөрсөн бямба гаригт Тегеран хотод хохирогчдын олон зуун эцэг эх Боловсролын яамны байрны өмнө жагсаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид асуудлыг дарж байна хэмээн эрх баригчдыг буруутгаж, хэрвээ халдлагыг таслан зогсоохгүй, гэмт этгээдүүдийг олж шийтгэхгүй бол хүүхдүүдээ сургуулиас нь гаргана гэж мэдэгджээ.