Германы мөрдөгчид “Умардын урсгал” хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон байж болзошгүй хөлөг онгоцыг олсон тухай “Die Zeit” сонин мэдээлэв.
Сэтгүүлчдийн бичснээр Польш улсад бүртгэлтэй компаниас түрээсэлсэн дарвуулт онгоцыг нууц ажиллагаанд ашиглажээ.
Тус компани нь Украины хоёр иргэнд харьяалагддаг гэж мөрдөгчид таамаглаж байгаа аж. Тус сонины мэдээлснээр хорлон сүйтгэх ажиллагааг зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг (ахмад, хоёр шумбагч, хоёр туслах, нэг эмч эмэгтэй) үйлдсэн аж. Тэдгээр хүмүүс хуурамч паспорт ашигласан тул харьяалалыг нь тогтоож чадаагүй байна.
Эдгээр хүмүүс 2022 оны 9-р сарын 6-нд Росток хотоос хөдөлж, хэргийн газар очин тэсрэх бодисыг байрлуулсан байх магадлалтай. Дараа нь дарвуулт завийг эзэнд нь буцааж өгсөн ч бүхээг дэх ширээн дээр нь тэсрэх бодисын ул мөр үлдсэн байсан гэж сэтгүүлчид бичжээ. Ингэхдээ мөрдөгчид хорлон сүйтгэх ажиллагааг хэн захиалсан талаар нотлох баримтыг хараахан олоогүй байгаа гэнэ.
Олон улсын аюулгүй байдлын хүрээнд үүнийг "хуурамч далбаатай ажиллагаа" байхыг үгүйсгээгүй байна.
"Энэ нь Украин халдлага үйлдсэн гэж үзэх ул мөрийг зориудаар үлдээсэн гэсэн үг. Гэвч мөрдөгчид эл хувилбарыг батлах ямар ч нотлох баримт олоогүй бололтой" гэж нийтлэлд дурджээ.
"New York Times" сонин өчигдрийн дугаартаа шинэ тагнуулын мэдээгээр хийн хоолойд хийсэн халдлагыг Украиныг дэмжигч тодорхой бүлэглэл үйлдсэн гэж мэдээллэсэн ч бүлэглэлийн бүрэлдэхүүн, удирдагчдын талаар ямар нэгэн зүйл дурдаагүй байна. Харин гэмт этгээдүүд Киевийн эрх баригчидтай холбоотой байх магадлал нээлттэй хэвээр үлдэж байгааг онцолжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Балтийн тэнгисийн ёроолоор тавьсан ОХУ-ын экспортын хийн хоолой “Умардын урсгал”, “Умардын урсгал – 2” хоюулаа халдлагын улмаас ажиллахгүй болсон юм.
Швед, Дани, Герман улсууд мөрдлөгө явуулж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Кремль энэхүү үйл явдлыг олон улсын терроризмын үйлдэл гэсэн юм.
Америкийн сэтгүүлч, Пулитцерийн шагналт Сеймур Хершийн хэлснээр бол АНУ НАТО-гийн холбоотнуудын тусламжтайгаар хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Balltops” байлдааны сургуулилтын үеэр АНУ-ын шумбагчид хийн хоолойд тэсрэх бөмбөн суурилуулж, гурван сарын дараа Норвегичууд тэсрэх төхөөрөмжийг ажиллуулсан байна.
Хершийн хэлснээр, уг ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын баг бүрэлдэхүүнтэй есөн сар гаруй нууцаар хэлэлцсэний эцэст гаргажээ.
Шалтгаан нь "Умарлын урсгал"-аар дамжуулан Оросоос байгалийн хий авдаг Герман улс Украинд цэргийн тусламж үзүүлэхэд оролцохыг хүсэхгүй байх гэж Байден эмээж байсан хэмээн сэтгүүлчид үзжээ.