“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт брейк бүжиг багтсан. Японы Китакюүшү хотод болсон дэлхийн цуврал тэмцээнд 48 орны 180 бүжигчин, олимпын эрхийн оноогоо нэмэхээр өрсөлджээ. Тус тэмцээн олимпын эрхийн оноо олгох долоон цувралын эхнийх нь. Дараагийн тэмцээнийг Бразил улсын Рио-де-Жанейро хотод дөрөвдүгээр сард зохион байгуулах юм. Олимпын эрхийн төлөөх өрсөлдөөн ирэх жилийн зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Уг цуврал тэмцээний чансаагаар эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг долоон бүжигчин Францыг зорих эрх өвөртлөх аж. Олимпын наадамд оролцох брейк бүжигчид тив, ДАШТ-д өрсөлдсөнөөр тус бүр нэг эрх авна. Мөн зохион байгуулагч орны эрх нэмэгдсэнээр шилдэг 16 бүжигчин тодрох нь.