Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга “King Tug” Н.Төгсцогт 15 тулаан хийснээс 12 ялж, нэг тэнцэн, хоёр ялагдсан амжилттай. Тэрбээр өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 22-нд Намиби улсын боксчин, “Цөлийн шуурга” (Desert storm) хочит Сакариа Лукастай тулалдан тэнцэж байв. Тэгвэл түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминикан улсын тамирчин 23 настай, 170 см өндөр “The twist” хочит Луис Рейналдо Нунес. Мэргэжлийн боксын рингэнд 18 тулалдсанаас нэг ч ялагдаагүй аж. Тэдний тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон хотын “Dignity health sports park” цогцолборт дөрөвдүгээр сарын 8-нд болох нь.
“Кing Tug” хоёр жилийн өмнө WBA холбооны 58.9 кг-д түр аваргын бүсийн төлөө АНУ-ын Крис Колберттой 12 раунд тулалдсан ч шүүгчдийн саналаар ялагдсан юм. Сонирхуулахад, Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тус улсын Нью-Йорк хотод анхны тулаанаа Никарагуа улсын боксчин Жованни Гутьеррестай хийж ялснаар мэргэжлийн рингэнд дөрөв ялсан амжилттай болж байна.