Энэ оны эхний “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн”-д серби теннисчин Н.Жокович түрүүлж, теннисний түүхэн дэх хамгийн агуу тамирчин гэдгээ дахин нотоллоо.
Мельбурнд тэрбээр 10 дахиа түрүүлсэн бөгөөд аль нэг “Их дуулга”-д 10-аас олон удаа түрүүлсэн хоёр дахь теннисчин болов. Түүнээс өмнө Р.Надаль “Ролан гаррос”-т 14 удаа түрүүлсэн юм. Эл хоёр тамирчин бүх “Их дуулга”-д багадаа хоёр удаа түрүүлээд байгааг сануулъя. Түүнээс гадна теннисний аль нэг тэмцээнд 10-аас олон удаа түрүүлсэн үзүүлэлтээр Р.Надаль, Р.Федерертэй Новак зэрэгцэж ирлээ. Серби тоглогч 93 дахь цомоо хүртэж, испани тамирчныг ардаа орхисон агаад түүний өмнө И.Лендл (94), Р.Федерер (103), Ж.Коннорс (109) бичигдэж байна.
Новак өнгөрсөн даваа гаргаас эхлэн дэлхийн чансааны тэргүүн байрт бичигдэж эхэлсэн бөгөөд долоо дахь удаагаа ийн оргилд заларч байгаа юм. Тэр дундаа чансааны тавдугаар байраасшууд нэг рүү “үсэрлээ”. Теннисний түүхэнд ийм амжилт үзүүлсэн тоглогч үгүй. Ташрамд дурдахад, Н.Жокович 373 долоо хоногийн турш чансааны тэргүүн байрт бичигдсэн дээд амжилтыг эзэмшдэг билээ. Мөн долоон удаа дэлхийн чансааг тэргүүлсэн дээд амжилт ч түүнийх. Өдгөө теннисний ертөнцөд түүн шиг супер тоглогч байхгүй нь тодорхой юм. Түүний гол өрсөлдөгч нарын олонх нь түүнээс 10 насаар дүү аж. Австралиас “хөөгдөж” гарсны улмаас стресст орсон өнгөрсөн оны хавраас хойш тэрбээр 52 тоглолтын 49-д нь ялжээ. Энэ хугацаанд түүнийг К.Алькарас(Мадрид), Р.Надаль (Ролан гаррос), Х.Руне (Парис) нар л дийлсэн юм.
Бие махбодын дээд зэргийн бэлтгэлтэй байгаа Н.Жокович зодог тайлах тухай огт бодохгүй байна. “Их дуулга, чансааны тэргүүн байр гээд мэргэжлийн тамирчны зорилго, амбиц надад бий. Энэ бүхэн бол мэргэжлийн теннисний оргил, хэзээд миний зорилго байсаар ирсэн. Элспортын түүхийг бичсээр байхыг хүсэж байна” хэмээр тэрбээр финалын өмнө ярьжээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар