Швейцар бүсгүй Ш.Рюггер оюутны универсад наадамд шорт-трек, уран гулгалтын төрлөөр оролцох болсон тухай мэдээлэл саяхан цацагдсан. Тэгвэл түүнээс ч илүү универсал тамирчин байгаа нь Норвегийн Й.Нордхаген юм. Тэрбээр гүйлтийн цанаар хичээллэхээс гадна улсынхаа дугуйн шилдэг багийн нэг “Jumbo-Visma”-тай мэргэжлийн тамирчны гэрээ байгуулжээ. Ийнхүү тэрбээр хоёр мэргэжлийн спортоор нэгэн зэрэг хичээллэх супер амбиц тээж байна. Олон зүйл сонирхдог хүмүүс тэр бүр жинхэнэ амжилтад хүрдэггүй. Эрт орой хэзээ нэгэн цагт аль нэгийг нь тууштай сонирхохоос өөр аргагүй болж, бусад сонирхлоо хойш тавин мартдаг. Ялангуяа бэлтгэл сургуулилт ихээхэн шаарддаг спортын ертөнцөд хоёр спортоор зэрэг хичээллэх нь бараг л боломжгүй билээ. Гэвч эл тогтсон үзлийг Й.Нордхаген өөрчлөхийг хичээж байна.
Норвег бол цанын спортоор дэлхийд тэргүүлэгч цөөн гүрний нэг учир Й.Нордхаген улсынхаа залуучуудын шигшээ багт багтаж, дотоодын тэмцээнүүдэд байнга шагналт байрт шалгардаг нь түүнийг тун авьяастай цаначин гэдгийг харуулдаг. 17 настай түүнд өөр сонирхол ч бас бий. Тэрбээр 10 настайгаасаа дугуйн спорт сонирхож эхэлсэн бөгөөд аль алинаар нь хичээллэхийн тулд зундаа дугуй, өвөл нь цанаар тэмцээнд оролцох болжээ. Й.Нордхаген өнгөрсөн жил Норвегийн дугуйн АШТ-д түрүүлж, Португалд болсон тойрог замын дугуйн Европын АШТ-д зургадугаар байр эзэлсэн аж. Чухам энэ амжилтыг нь “Jumbo-Visma” баг анзаарч түүнтэй гэрээ байгуулжээ.
“Jumbo-Visma” бол Европын шилдэг багуудын нэг бөгөөд 1998 оноос хойш “Тур де Франс”-т байнга оролцож буй. Тус багаас олимп, дэлхийн болон олон өдрийн уралдааны аваргууд төрөн гарчээ. Гэхдээ багийн одоогийн бүрэлдэхүүн тун “чанга” учир Й.Нордхагентай тусгай гэрээ байгуулсан аж. Түүний гэрээ 2024 оноос хүчин төгөлдөр болж, залуучуудын багт уралдана. Улмаар 2025 оноос үндсэн багт уралдах эрхтэй болж, гэрээ нь 2028 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм. Европт дугуйн спорт өндөр хөгжсөн учраас ирээдүйтэй залуусыг ийм аргаар гэрээ байгуулан өөрийн болгох нь тун нийтлэг арга ажээ. Гэхдээ ингэлээ гээд тэрбээр цанын спортоо орхихгүй гэнэ. “Ирэх улиралд би дугуй болон цанын спортоо хослуулна. Аль аль спортоор нь нэг зэрэг олон жил хичээллэхийг хүсдэг. Жилийн турш бэлтгэлтэй байснаар би спортын өндөр амжилт гаргах боломжтой” хэмээн Й.Нордхаген “Jumbo-Visma”-тай гэрээ байгуулсны дараа ярьжээ.
Дугуйн спорт руу универсал тамирчид цөөнгүй урвадаг. Өмнө нь тэшүүр, сэлүүрт завь, гүйлт, трамплинаас үсрэлтийн спортоор хичээллэгчид дугуйтай нөхөрлөсөөр ирсэн ч тэдний дунд цанын тамирчин байхгүй. Й.Нордхаген харин дугуйн спортыг өөрийм шүүлсэн анхны цаначин болохыг хүсэж буй юм. Түүнээс гадна мэргэжлийн тамирчны гэрээ байгуулж нэг мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр тэшүүрийн спортоор олимпын аварга болох өөр нэг хүслээ биелүүлэхийг ч хичээх гэнэ.