Монголын тэшүүрийн холбооноос манай улсад анх удаа томоохон хэмжээний мөсөн шоуг энэ сарын 27-нд зохион байгуулахаар зэхжээ. Монгол болон Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээндуг арга хэмжээг “Степпе арена”-д зохион байгуулах бөгөөд “Тал нутгийн мөсөн шоу” гэж нэрлэсэн байна. Үүнд монгол уран гулгагч Г.Марал-Эрдэнэ оролцоно. Мөн Япон Улсын мэргэжлийн уран гулгалтын тамирчин Хонго Рика, Каракава Цүнэхито, Урамацү Чисато, Хонда Хироки нар оролцохоор болсон байна. Тамирчин Хонго Рика ньДэлхийн тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг, Европоос бусад дөрвөн тивийн улс орнуудын уран гулгагчид оролцдог“Four сontinents” тэмцээний 2015, 2016 оны хүрэл медальтай. Мөн 2014 онд Москвад болсон олон улсын “Ростелекомкамр” болон 2015 оны “Финланда тропи” тэмцээний аварга юм. Түүнчлэн Японы үндэсний аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлжээ. Уг шоунд мөн тус улсын бүжигчин Харашима Фүмико, Харашима Мий, Шиммүра Масакацү, Ямада Ёожи нар ур чадвараа харуулан бүжих аж. Манай улсын урлагийн алдартнуудаас дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Д.Оюунтүлхүүр, дуучин Б.Маралжингоо, бүжигчин, бүжиг дэглээч, доктор М.Мөнгөнцэцэг, хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга, “Буган” хамтлагийнхан оролцох юм байна.
Бэлтгэсэн Р.Жаргал