Европын парламент " Украины эсрэг Оросын үйлдсэн гэмт хэрэг"-ийг шалгах олон улсын тусгай шүүх байгуулах тухай тогтоолыг дэмжлээ. Энэ тухай EP-ийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
“Европын парламентын гишүүд Украины эсрэг үйлдсэн гэмт хэрэг, түрэмгийллийн төлөө ОХУ-ын улс төр, цэргийн удирдлагад хариуцлага тооцохыг шаардаж байна... ЕХ-ны депутатууд Украин болон олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран олон улсын “тусгай шүүх” байгуулахыг ЕХ-д уриалав” гэж мэдэгдэлд дурджээ.
Европын парламентын гадаад бодлогын тогтоолууд Европын холбооны удирдлагад заавал биелүүлэх үүрэг хүлээлэгдэггүй. Гэсэн хэдий ч Европын байгууллагууд "олонхийн санал бодлыг сонсох" ёстой.
Мөн Европын парламентын гишүүд тусгай шүүх байгуулахад НҮБ-ын Ерөнхий Ассамблей, ЕАБХАБ, Их долоо болон Европын зөвлөлөөс олон улсын дэмжлэг авахыг Европын холбооны байгууллагуудад уриалав.
Украины Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Эмине Жапарова 2023 онд ОХУ-ын эсрэг тусгай шүүх байгуулах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оруулахаар төлөвлөж буйгаа нэгдүгээр сарын 12-нд мэдэгдсэн.
“Өнөөдөр бид түрэмгийлэлтэй холбогдуулан тусгай шүүх байгуулах ёстой. Гишүүн орнуудад олон улсын тусгай механизм байгуулах тогтоолыг дэмжихийг уриалж байна, бид үүнийг өөр хоорондоо тусгай шүүх гэж нэрлээд энэ оны сүүлээр Ерөнхий ассамблейд өргөн барих гэж байна" гэж Украины дипломатч хэлэв.
ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский хэлэхдээ, Ерөнхий ассамблейд Оросын асуудлаар "тусгай шүүх" байгуулах эрх байхгүй, ийм санаачилга нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хакийн үгээр бол ямар ч төрлийн олон улсын шүүх нь НҮБ-аас мандат шаардагддаг аж.