13.8 тэрбум төгрөгийн хахууль авсныг тогтоов
Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан Сангийн яамны Боомтын захиргааны мэргэжилтэн М.Дөлгөөнийг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, бусдаас хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.
Түүнээс гадна ашуунсухайт боомт дахь Хилийн боомтын захиргааны мэргэжилтэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргалыг ч нүүрсний хэрэгт шалгаж эхлэн өөр нэг хүний хамт саатуулсныг баттай эх сурвалжууд . Бидний авсан мэдээллээр шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж шалгаж байгаа олон яллагдагч буй бөгөөд дээрх хоёр хүнийг яллагдагчаар тооцон 30 хоног хориулах санал гаргаж, шүүх хүлээн авбал уг тоо нэмэгдэх юм.
Ташрамд дурдахад, нүүрсний гэх хэрэгт холбогдуулан 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас өдгөө долоон хүн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангид бий гэнэ. Яллагдагч нараас улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн тав, хувийн баталгаа авах таслан сэргийлэх тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан 33 яллагдагч буй аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож, хөрөнгийнх нь шилжилт хөдөлгөөнийг хууль хяналтын байгууллагаас хязгаарлаад байна.