Монгол Улсын баруун хязгаарт орших Алтай Таван Богдын Цагаан суварга оргилд уулчин Б.Гантулга, Ц.Гантулга нар анх удаа өвөл авирлаа. Тэд энэ сарын 16-ны 11.56 цагт оргилд амжилттай гарсан бөгөөд 40 орчим градусын хүйтэн, өндөр уулын салхи ихтэй үед ээлжлэн бэхэлгээ, хамгаалалт хийж авирсаар зорилгодоо хүрсэн байна. Үүнээс өмнө уулын спортын ОУХМ Б.Гантулга өнгөрсөн оны нэгдүгээр сард өвлийн дөрөв дэх ес эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсын дээвэр Алтай Таван Богдын Хүйтэн хайрханд амжилттай авирсан билээ. Тэрбээр дараагийн удаа Алтай Таван Богдын Найрамдал, Малчин, Бүргэд, Наран хайрханд мөн л өвлийн улиралд, тэр дундаа хамгийн хүйтэн үе болох гурав, дөрөв дэх есийн хүйтэнд авирах зорилго тавьжээ. Өвлийн авиралт маш хүнд учир нэг жилд нэг хайрханд гарахаар төлөвлөсөн гэнэ.