Дэлхийн оюутны спортын өвлийн XXXI универсиад наадам АНУ-ын Нью-Йорк муж улсын Лейк-Плэсид хотод энэ сарын 12-нд эхэлсэн. Универсиадын хүрээний тэмцээнүүд Нью-Йорк муж улсын төв, баруун, өмнөд хэсгийн спортын есөн байгууламжид нэгэн зэрэг болж байна. Энэ сарын 22-нд өндөрлөх тус универсиадад 45 орны 600 их, дээд сургуульд суралцаж буй, 17-25 насны 2500 гаруй тамирчин спортын 12 төрөлд 86 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан улсынхаа багийг ахлан үүнд оролцуулж байна. Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын 10 км-ийн зайн сонгомол төрлийн уралдаанд О.Золбаяр 84 тамирчинтай гараанаас гарсан. Тэрбээр 13 орны 26 тамирчныг ардаа орхин, 27 минут 51 секундийн амжилтаар 58 дугаар байрэзэлжээ. Энэ зайд Япон, АНУ, Норвегийн тамирчид эхний гурван байрт шалгарчээ. Өнөөдөр эхлэх шорт трейкийн төрөлд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ нар хурд сорих нь. Түүнчлэн сноубоардын төрөлд манай улсаас Э.Тэмүүлэн, А.Ариунбат, Г.Ганзориг нар оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дэлхийн оюутны спортын өвлийн XXXI универсиад наадмын анхны медалийн болзол хангасан цанын холимог хос төрлийн ойрын зайд өрсөлдсөн тамирчдад Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан шагнал гардуулжээ. Универсиад наадамд одоогоор Японы баг медалийн тоогоор тэргүүлж байгаа аж.