Мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээний эхнийх нь БНСУ-ын Чонгсон хотод энэ сарын 14-15-нд болж өндөрлөсөн. Тус тэмцээнээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Н.Хэрлэнд “Дэлхийн цом”-ыг зохион байгуулагчид шилдэг тамирчдад олгодог тусгай урилга гардуулсан байна. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон, Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургуулийн 12а ангийн сурагч Н.Сэлэнгэ эх орондоо ирж, бусад нь энэ сарын 20-23-нд болох дараагийн цуврал тэмцээнд оролцохоор Франц улсыг зорьжээ. Ташрамд дурдахад, Монголын уулчдын үндэсний холбооноос зохион байгуулсан мөсөнд авиралтын УАШТ-д “Сутайн бор” клубийнхээс долоон тамирчин оролцож, дөрвөн алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль хүртэн, багаараа тэргүүллээ.