“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан “Ажнай корпорац” компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий, хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийг ЭЦА-ныхан шалгаж байгаа. Эл хэргийг шалгах хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нарт шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, Р.Сэддоржид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НПГ-аас энэ сарын 12-нд хүргүүлж, өнгөрсөн баасан гарагт тус шүүх хэлэлцсэн аж. Улмаар яллагдагч, Засаг дарга Р.СэддоржийгМонгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Эл захирамжийг Р.Сэддоржийн өмгөөлөгч Л.Данзанноров эс зөвшөөрч, тус шүүхийн ерөнхий шүүгчид хандсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Р.Сэддоржийг УИХ-ын гишүүн, “Ажнай корпорац”-ын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан юм байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор уг гомдлыг өчигдөр хэлэлцээд Р.Сэддорж, Д.Бат-Эрдэнэ нарыг уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоосон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, ерөнхий нягтлан бодогч асан Г.Шүрэнхишиг нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал НПГ-аас гаргасныг дээрх шүүх өчигдөр бас хэлэлцжээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал тэднийг улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарыг Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2-т заасан “Албан тушаалаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө завшсан” үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хоорондын мөргөцөг алга болсны төлбөр болон өөр бусад эд хөрөнгө завшиж, хувийнхаа данс руу шилжүүлэн авч байсан үйлдэлд тэднийг яллагдагчаар тооцсон гэх мэдээлэл бий.