Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөтөлбөрт самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даамын спортыг оруулалгүй хасжээ. Тиймээс дээрх холбоодын төлөөллөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд хүүхдийн спорт нь биеийн тамир спортыг хөгжүүлэх гол суурь болдог. Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг эл тэмцээнээс самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даам зэрэг спорт зарим үндсэн төрлүүдийг хассаныг эсэргүүцэж байна. Шаардлагатай бол шүүхэд хандана гэв. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн зуны наадмаас топ спортын төрлүүдээ хассан хэрнээ хэн мэдэхгүй шалдир, бульдир төрлийг сонгон шалгаруулалтгүйгээр оруулсан аж. Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулах юм байна.
Аймаг орон нутгийн Биеийн тамирын спортын газрын дарга нарт 2022 арваннэгдүгээр сарын 16-нд спортын наадмын мэдээллийг хүргүүлсэн байна. Үүний дагуу Гимнастикийн холбооноос 2022 арваннэгдүгээр сарын 17-нд яагаад сонгон шалгаруулалт явуулаагүй, ямар шалтгаанаар хассаныг нь тодруулж Биеийн тамир спортын улсын хороонд хандаж албан бичиг өгсөн байна. Гэвч хариуг нь өнөөдрийг хүртэл өгөөгүй аж. Тиймээс өнөөдөр хийсэн хурлаараа тэд Биеийн тамир спортын улсын хороо алдаагаа засаж үндсэн төрлүүдээ наадамдаа оруулаач хэмээн мэдээлэл хийлээ.
Түүнчлэн Буудлагын холбоо дээрх хороо руу хоёр удаа албан бичиг өгсөн байна. Хорооноос нэгдүгээр сарын 2-нд хариу өгөхдөө Баянхонгор аймгийн удирдлага зөвшөөрөөгүй гэх агуулгатай зүйл бичсэн байжээ. Тиймээс тэд Биеийн тамир спортын улсын хороо боловсон хүчний чадамжгүй, үүргээ биелүүлдэггүй газар хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Үүнээс гадна Хүндийн өргөлтийн холбооноос "Манай хүүхдүүдэд ямар ч мэдээлэл өгөөгүй наадмаас шууд хассан. Сүүлийн 66 жил эл спортыг хөгжүүлж ирсэн. Эх орноосоо гадна тив дэлхийн тэмцээнд оролцож олон медаль авсан. Биеийн тамир спортын улсын хороонд очиход Жаргалсайхан дарга үл хүндэтгэсэн байдлаар чи дараа оруулчихаач гэсэн аман хариу өгсөн" хэмээв. Нэмээд Самбо бөхийн холбооноос “Энэ спортоос Монголд дэлхийн 43 аварга төрсөн. Монголд маш их хөгжсөн спорт. Гэтэл спортыг ялгаварлан гадуурхаж, хүүхдүүдийг минь шалтгаангүйгээр хаслаа. Эдгээр спорт бол Монголын топ спортын төрөл юм. Тиймээс Биеийн тамир спортын улсын хорооны ажиллах чадамжид эргэлзэж байна. Энэ олон хүүхдийг бодож, шийдвэрээ эргэж хараасай” гэв.