Хятадад КОВИД-ийн эсрэг хязгаарлалтыг цуцалсны дараа сар хүрэхгүйн хугацаанд тус улсын 20 гаруй тэргүүлэх эрдэмтэд нас барлаа гэж “South China Morning Post” бичжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлээд Хятадын эрх баригчид коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээгээ аажмаар зөөлрүүлсэн бөгөөд нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсын хилээр орох хүмүүсийг заавал шинжилгээнд хамруулах, тусгаарлах ажлыг цуцалсан юм. Үүний зэрэгцээ COVID-19-ийн халдвар урьд өмнө байгаагүйгээр өсөж байна.
Хятадын Өвчний хяналтын төвийн ахлах эрдэмтэн Зенг Гуан хэлэхдээ, Бээжин хотын хүн амын 80 гаруй хувь нь коронавирусийн халдвар авсан байна. Чухамхүү нийслэлд л тус улсын эрлэмтэн- инженерүүдийн ихэнх нь амьдардаг гэнэ.
Энэ салбарын тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллагуудын нэг бол Инженерийн академи бөгөөд тус байгууллага дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын нэг “Гурван хавцал”-ын далан, өндөр хурдны галт тэрэгний сүлжээ, Тянгон сансрын станц зэрэг Хятадын бараг бүх мега төслийн зарчим, зураг төсөл, барилгын ажилд оролцсон 900 гаруй гишүүнтэй аж.
Тус академийн мэдээлснээр арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 4-ний хооронд тус академийн 20 гаруй гишүүн нас баржээ.
Хэдий эмнэлэгүүд зөвхөн хүнд өвчтөнүүдийг хэвтүүлж байгаа ч энэ нь эрүүл мэндийн тогтолцоог ачааллаа даахгүйд хүргэжээ.