Нийслэлийн Түргэн тусламжийн төв (НТТТ) буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүллээ. Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр нарыг уг хэрэгт холбогдуулан шалгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд эл албан тушаалтнууд өгдөг байсан аж. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрт ар гэрээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө НТТТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгагдаж. Тэдэнтэй НТТТ-ийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг 15 иргэнийг яллагдагчаар татсан билээ.
Бэлтгэсэн Г.Орчлон