Оросын хоёр олигархи гурав хоногийн дотор учир битүүлгээр нас баржээ
Оросын тэрбумтан Павел Антонов Энэтхэгт зочид буудлынхаа өрөөнд учир битүүлгээр нас баржээ.
Хоёр хоногийн өмнө түүний найз, бизнесмен Владимир Быданов мөн л тэрхүү зочид буудалд нас барсан аж.
Антонов, Быданов нар 12-р сарын 21-нээс Бенгалын булангийн эрэг дэх Раягада хотын Sai International зочид буудалд амарч байжээ. Хэвлэлүүдэд бичиж буйгаар тэрбумтнууд Антовын төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэн байна.
Төрсөн өдрийн баяр ёслолын үеэр Быдановын хүү аавыгаа буудлын өрөөнд ухаангүй байхыг олж харсан бөгөөд хажууд нь шил дарс байжээ. Эмч нар Быдановыг архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрхний шигдээсээр нас барсан гэж дүгнэсэн байна.
Үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 24-нд Антонов зочид буудлын гуравдугаар давхраас унаж нас баржээ. Орон нутгийн цагдаа нар "Павел найзынхаа үхлийн улмаас сэтгэлээр унасан байсан бөгөөд золгүй байдлаас гадна амиа хорлосон хувилбарыг үгүйсгэхгүй” хэмээн тэмдэглэв.
Дашрамд дурдахад, 2022 оны 6-р сард Антов Оросын цэргүүд Киевийг буудсан талаар "Үнэнийг хэлэхэд үүнийг терроризмоос өөр зүйл гэж нэрлэхэд туйлын хэцүү" хэмээн Whatsapp түүхийн хуудастаа нийтэлж байсан тухай Оросын хэвлэлүүд бичиж байсан. Гэвч хэсэг хугацааны дараа уг нийтлэл устсан байсан бөгөөд олигарх нийтлэлээ "харамсалтай үл ойлголцол" хэмээгээд, өөрийгөө "Ерөнхийлөгчийн тусгай ажиллагааны бодлогыг дэмжигч" гэж байв.
2022 онд Оросын олигархиудын хэд хэдэн учир битүүлэг үхэл болсон нь анхаарал татна. Тиймээс тавдугаар сарын эхээр Кремльтэй холбоотой долоон бизнесмэн учих битүүлгээр нас барсан юм. Тэдний дөрөв нь улсын эрчим хүчний Газпром компанид ажиллаж байсан.