Украины Зэвсэгт хүчнийхэн Донецк хотын нэгэн зочид буудлыг буудах үеэр "Роскосмос"-ын тэргүүн асан Дмитрий Рогозин шархаджээ. Энэ тухай “ТАСС” түүний туслахаас иш татан мэдээлэв.
Туслахын хэлснээр, Рогозин тэргүүтэй цэргийн зөвлөхүүд амьдарч байсан хотын захад байрлах нэгэн зочид буудал руу буудсан байна. Цохилт тусгайлан онилсон гэдгийг тэрбээр онцлов.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Рогозин зочид буудлын ресторанд төрсөн өдрөө тэмдэглэж байсан гэх боловч Рогозин өөрөө ажлын явдлын уулзалт байсан гэжээ. Рогозины шарх хүнд учир түүнийг Москва руу шилжүүлсэн байна.
Цохилтод Донецкийн Ерөнхий сайд Виталий Ходченко, Горловка хотын дарга Иван Приходько зэрэг хэд хэдэн хүн шархаджээ. Мөн хоёр хүн нас барсан байна.
Дмитрий Рогозин нь энэ оны аравдугаар сараас “Царские волки” (Хааны чоно) цэргийн зөвлөхүүдийн бүлгийг удирдаж байгаа бөгөөд цэргийн тусгай ажиллагааны бүсэд байнга ажиллаж байгаа юм байна.