АНУ-ын ерөнхийлөгч Байдены хүү Хантер Байдыны зөөврийн компьютерын талаарх мэдээллийг нуун дарагдуулахын тулд АНУ-ын засгийн газар Twitter-т олон сая доллар төлсөн талаар Элон Маск мэдэгдэл хийлээ.
Тэрбээр Хантерын зөөврийн компьютерын дуулианы талаарх нийтлэлийн хариуд "Засгийн газар олон нийтээс мэдээллийг нуухын тулд Twitter-т олон сая доллар төлсөн" гэж өөрийн цахим хуудсандаа жиргэжээ.
Өнгөрсөн долоо хоногт бие даасан сэтгүүлч Мэтт Тайби Twitter-ийн дотоод харилцаа холбооноос иш татан хэлэхдээ, тус компани нь нийгмийн сүлжээгээ цензурлэх тал дээр АНУ-ын эрх баригчдын, ялангуяа Ардчилсан намаас өгсөн тушаалыг тогтмол дагаж мөрдөж байсан гэжээ. Хантер Байдентай холбоотой дуулианы хэргийн тухайд гэвэл компанийн хэд хэдэн удирдлагууд уг хэрэгтэй холбоотой бүх материалыг хакердах замаар олж авсан мэдээллийг нийтлэхийг хязгаарлах бодлого дор оруулахаар шийджээ. Энэ дуулиантай холбоотой мэдээллийн тархалтыг хязгаарлахын тулд Тwitter-ийн удирдлага хамгийн хатуу арга хэмжээ авахдаа мэдээлэл түгээх боломжийг хязгаарлаад зогсохгүй үүнтэй холбоотой нийтлэлүүдийн холбоосыг аюултай гэж тэмдэглэсэн хэмээн сэтгүүлч мэдэгдсэн байна.
Өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хантер Байдены эзэмшдэг зөөврийн компьютерын мэдээлэл нэг бус удаа нийтлэгдэж байсан. Ил болгосон захидлаас үзвэл тэрээр удирдах зөвлөлд нь багтдаг Украины эрчим хүчний “Burisma Holdings” компанийн төлөөлөгчийг тухайн үед АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан аавтайгаа уулзуулсан байж болзошгүй аж. Эцэг Байден нь энэ албан тушаалыг хашиж байхдаа “Burisma Holdings”-ыг мөрдөн шалшах ажлыг эхлүүлсэн Украины Ерөнхий прокурор Виктор Шокиныг огцруулахыг уриалж байжээ