Арванхоёрдугаар сарын 21-ний орой Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирэв. Энэ нь Украины Ерөнхийлөгчийн хувьд дайн эхэлснээс хойш анхны гадаад айлчлал юм.
Тус айлчлалын хөтөлбөрт Зеленский АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, мөн Конгрессын өмнө илтгэл тавих юм байна.
Украины Ерөнхийлөгчийг АНУ-ын төрийн тэргүүн Ж.Байден Цагаан ордны өмнө угтан “Ноён Ерөнхийлөгч өө, эргэн тавтай морил” хэмээн мэндчилжээ.
Уулзалтанд АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн засгийн газрын гишүүд оролцсон бөгөөд талууд эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг хэлэлцжээ.
Уулзалтын үеэр Зеленский эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалахад нь туслан дэмжиж буй АНУ-ын засаг захиргаанд талархал илэрхийлж, Украины армийн офицерын медалийг Байденд дамжуулж өгөв. АНУ-аас нийлүүлсэн HIMARS пуужингийн артиллерын системийг хариуцдаг офицер Байденд дамжуулж өгөхийг хүссэн ажээ.
“Байлдааны гавьяаны загалмай” медалийг Зеленскийгээс хүлээж авсан Байден “Ийм хүндлэл хүлээх нь зохимжгүй боловч маш их талархаж байна” гэж хэлээд медалиа дамжуулсан офицерын нэрийг асууж, түүнтэй холбоо барихаа амласан байна.
Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийв.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Байден АНУ Украинд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолбор бүхий 1.8 тэрбум ам.долларын шинэ багц тусламж үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.
“Энэхүү цогцолборыг ажиллуулахад шаардлагатай бэлтгэлийг хийхэд тодорхой хугацаа шаардлагатай ч “Patriot” пуужингууд нь Украины батлан хамгаалах салбарын “чухал хөрөнгө” болно” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уулзалтын дараа хэлсэн үгэндээ “шударга энх тайван”-д хүрэхийн тулд буулт хийхэд бэлэн биш гэдгээ мэдэгдэв. Тэрбээр шударга ертөнц гэж юу болох, өнөөгийн дайны нөхцөлд украинчууд хэрхэн амьдарч байгаа талаар өгүүлжээ.
"Шударга ертөнц гэж юу вэ? Хүн бүрийн хувьд энэ нь өөр өөр утга агуулна. Миний хувьд, ерөнхийлөгчийн хувьд энэ нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ямар ч буулт хийхгүй, Оросоор материаллаг хохирлоо нөхөн төлүүлэхийг хэлнэ.Харин хүүхдүүдээ алдсан эцэг эхчүүдийн хувьд шударга ертөнц гэж юу вэ? Тэдний хувьд мөнгө бол юу ч биш. Тэд өш хонзонгоор амьдарч байна. Дайн удаашрах тусам ийм хүмүүс олширно. Би ийм хүмүүсийг мэднэ" хэмээжээ.