Хятадад тогтоосон хорио цээрийн дэглэм цуцлагдсантай холбогдуулан коронавирусийн халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэх болжээ.
Үүнтэй холбогдуулан улс даяар эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр Хятадын эрх баригчид өвчтөнүүдийг хүлээн авах боломжтой аль болох олон тасаг байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Ингэхдээ боломжтой талбай бүрийг ашиглаж байгаа аж. Тодруулбал, цэнгэлдэх хүрээлэнд өвчтөнүүдийг хүлээн авах тасаг нээжээ.
Бээжингийн уламжлалт анагаах ухааны газрын дарга Ту Житаогийн мэдээлснээр, нийслэл хотод ийм салбаруудын нийт тоо богино хугацаанд 94-өөс 1263 болтлоо нэмэгдсэн байна.
Хэдийгээр тасгийг өргөжүүлсэн ч эмнэлгийн эмч мэргэжилтэн хангалтгүй байгаа нь өнөөгийн гол бэрхшээл гэж шинжээчид онцолжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар халдвар 30% зарим газар 80 %-иар өсжээ. Түүнчлэн эмнэлгүүд эм тариа ихээр худалдан авч, нөөцөлж байна. Хятадын эрүүл мэндийн салбарын шинжээчдийн тооцоолсноор 2023 оны нэгээс хоёрдугаар сард коронавирусийн халдварын оргил үе тохиож, 124 сая хүн өвдөж, үүнээс 2,7 сая өвчтөнд эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэнэ.
“Medical Xpress” эрүүл мэндийн сэтгүүлд бичснээр Хятадын чандарлах газар COVID-19 тахлын улмаас ачаалал нь нэмэгдэх болжээ.
“Бид маш их ачаалалтай ажиллаж байна. Цогцос хадгалах өрөө зайгүй боллоо” гэж Чунцин хотын чандарлах газрын ажилтны хэлснийг тус сэтгүүлд иш татжээ.
Ийм дүр зураг Хятадын олон мужид ажиглагдаж байгаа аж.