Гэрэл зургийг Э.Харцага
БАЛДОРЖ сан, СУИС хамтран жил бүр сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Ц.Балдорж агсны нэрэмжит, сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааныг өнөө жил зургаа дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд 15 судлаач оролцлоо. Уралдааны шилдгүүдийг шалгаруулах ёслол өчигдөр болсон юм. Ёслолыг СУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга, доктор, профессор Э.Сонинтогос нээлээ. Тэрбээр “Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдээ дэмжих үүднээс Ц.Балдорж агсны нэрэмжит, сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааныг зохион байгуулдаг. Ц.Балдорж амьд ахуйдаа чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлж, дэмжиж ирсэн. Түүний үйл хэргийг үргэлжлүүлэх үүднээс сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаанаа тасралтгүй зохион байгуулж ирлээ. Сэтгүүл зүйд шүүмж судлал ус, агаар мэт хэрэгтэй. Монголын нийгэм энэ төрлөөр ангаж цангаж байна. Шүүмж судлал нь сэтгүүлчид ёс зүйтэй, хүнлэг, энэрэнгүй байж, нийгмээ эрүүлжүүлэхэд тустай. Уралдаанд цөөн судлаач оролцсон ч чансаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээлүүд илгээжээ” хэмээсэн юм.
Уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд энэ удаа зарим өөрчлөлт оруулжээ. Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Гавьяат багш Ж.Баянсан уралдааныг зургаа дахь удаагаа шүүсэн байна. Мөн СУИС-ийн боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал, Эрдмийн зөвлөлийн дэд дарга, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг, Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Г.Сүхбат нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Энэ удаагийн уралдааныг зарлахдаа тодорхой сэдэв заагаагүй аж. Өөрөөр хэлбэл, аль ч бүтээлийг сонгож, шүүмж бичих боломжийг нь судлаачдад олгожээ. Тиймээс судлаачид кино болон тоглолтын сурталчилгааны зурагт хуудаснаас авхуулаад уламжлалт болон онлайн сэтгүүл зүй гээд өргөн хүрээг хамруулсан шүүмжээрээ өрсөлдсөн байна. Уралдааны I байрт “Мэдээнээс үүдэлтэй сэтгүүл зүйн эмгэгүүд хийгээд тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө” шүүмжээрээ МУИС-ийн оюутан Б.Хорвоо шалгарлаа. “Малчид ба түүний дайсан”-ыг шалгаруулах нь” шүүмжээрээ судлаач М.Энхбаатар II, “Нөхөө ярилцлага буюу Үхсэн хүн үг хэлдэг үү” шүүмжээрээ “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Э.Адъяасүрэн III байр эзэллээ. Шилдгүүдийг тодруулсны дараа Гавьяат багш Ж.Баянсан “Ц.Балдорж агсны үйл хэргийг гэр бүлийнхэн нь үргэлжлүүлэн, нэр төртэй авч яваа. Тэрбээр зөвхөн төрсөн газар нутгаа төдийгүй эх дэлхийгээ хайрлаж, эзэн нь болж, амьдралд хайртай байх санааг бүтээлүүддээ дэвшүүлсэн. Энээрхэм хүн өнөөдөр бидний дунд үгүй ч бид түүнтэй хамт мэт шинэ оноо угтах гэж байна. Сэтгүүл зүй хуучин цагт мэргэжлийн нэр байсан. Одоо нийгмийн соён гэгээрүүлэгч, нийгэмд байгаа элдэв өвчнийг анагаах “эмч” нарын арми болоод буй. Монголын сэтгүүл зүй шинэ шатанд гарсан. Шүүгч нар сэтгүүл зүйн шүүмжүүдийг тус тусдаа уншаад, хоорондоо ярилцалгүй оноо өглөө. Судлаачид олон сонирхолтой санаа дэвшүүлсэн” хэмээлээ.
ZARIG.MN САЙТЫН МЭДЭЭНД АВАХ, ГЭЭХИЙН АЛЬ АЛЬ НЬ БИЙ
Б.ХОРВОО (МУИС-ийн оюутан):
-Zarig.mn мэдээллийн сайтын мэдээллүүдэд шүүмж бичсэн. Нэг талаар сэтгүүлч мэдээлэх үүргээ гүйцэтгэж, нийгэмд тулгамдсанасуудлыг гаргаж ирдэг. Энэ нь сайн. Нөгөө талаар хэт их мэдээллийн урсгал, эсвэл сөрөг мэдээлэл тарааснаараа иргэдийн болон нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Тиймээс zarig.mn сайтын мэдээнд авах, гээхийн аль аль нь бий гэдэг утгаар шүүмж бичсэн. Сэтгүүл зүйн шүүмжийн уралдаанд тав дахь жилдээ оролцож байна.
МАЛЧДЫГ АСУУДЛЫН ГАДНА ҮЛДЭЭЖ, ГАДУУРХАХ ВИЙ ГЭСЭН САНААГ ДЭВШҮҮЛЛЭЭ
М.ЭНХБААТАР (Судлаач):
-Би бэлчээрийн мал ахуйн чиглэлээр судалгаа хийдэг. Тиймээс өөртөө ойр сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн шүүмж бичсэн. Уралдаанд гурав дахь удаагаа оролцлоо. Энэ жил Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч До.Цэнджавын малчдын талаар бичсэн цуврал бүтээлийг задалж судалсан. Малчдыг асуудлын гадна үлдээж, гадуурхах вий гэсэн санааг дэв шүүлж, шүүмж бичлээ.
СЭТГҮҮЛ ЗҮЙН ШҮҮМЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Э.АДЪЯАСҮРЭН (“Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч):
-“Зиндаа” сэтгүүлийн тоймч Д.Дамдинжавын “Суут нууц” номыг задлан шинжиллээ. “Суут нууц” номд оруулсан ярилцлагууд сэтгүүл зүйн нэг төрөл мөн юм хэмээн олон талаас нь харьцуулж, шүүмжээ бичсэн. 20-иод жил сэтгүүл зүй болон олон нийттэй харилцах салбарт ажиллалаа. Манай салбарт дутагдаж буй орон зай бол шүүмж судлал. Шүүмж нь зөвхөн шүүмжлэх, харлуулах биш, бүтээлд задлан шинжлэл хийх судалгааны бүтээл. Цаашид сэтгүүл зүйн шүүмжийг хөгжүүлэх шаардлагатай.