Катар улсад хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн тааруу ДАШТ явагдаж болох байлаа. Тус улс ДАШТ-ийг зохион байгуулах эрх авсан цагаасаа эхлэн улстөржилтөд өртөж, iүүмжлэлийн бай болсоор ирсэн. Цагаач ажилчдын эрхийг зөрчсөн, хүний эрхийн зөрчил, тамирчдын үгээ хэлэх эрхийг боомилсон (тамирчдыг солонгон тууз өмсөхийг хориглосон), цэнгэлдэх хүрээлэнд шар айраг зарахыг хориглосон, фэн бүс дэх тав тухгүй орчин, талбайн эзэн багийн олиггүй тоглолт гээд олон сөрөг мэдээлэл, дуулиан хөвөрч байлаа.
Энэ мэтчилэн ДАШТ-ий эхлэл санаанд багтамгүй гунигтай байсан ч хөлбөмбөг аажимдаа энэ бүхнийг ялж чадсанаар ДАШТ-ий түүхэн дэх хамгийн сайхан шоуны нэгийг спорт сонирхогчдод бэлэглэлээ.
Британийн сэтгүүлч К.Рэднежийн өгүүлснээр Саудын Арабын багт Аргентин ялагдсан нь асар олон хүнийг шооконд оруулсан аж. Л.Месси сүүлчийн ДАШТ-дээ хэсгийн шатнаас ч гарахгүй гэж үү. Сенсацаар эхэлсэн “Катар-2022”-ын туршид үзэгчдийг өөр олон дуулиан, сюрприз хүлээж байлаа. Германы шигшээ баг хоёр ДАШТ дараалж хэсгээсээ гараагүй бол Бельги, Данийн шигшээ бүтэлгүйтэж, харин Марокко бүхний гайхширлыг төрүүлэв. Энэ удаагийн тэмцээний гол нээлт болсон Мароккогийн баг Хорват, Бельги багтсан хүндхэн хэсгээс шалгарч, хасагдах шатанд Испани, Португал, Франц гэсэн Европын топ багуудтай таарсан билээ. Тэдний аялал асар хүнд байсан. Гэсэнчтэд энэ аяллаа нэр төртэй дуусгаж чадав. Улмаар тэд ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг хэмээх түүхэн амжилтын эзэд болцгоолоо.
Харин тэмцээний онцлох тоглогчийн нэг нь яахын аргагүй К.Мбаппе. Франц вундеркинд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчийн статусаа батлан харуулж, тэмцээний мэргэн бууч боллоо. Финалд хет-трик оруулсан түүний амжилтыг хэр баргийн тамирчин давтаж чадахгүй билээ. Хэдий тэрбээр дэлхийн хошой аварга болж чадаагүй ч түүнийг урт зам хүлээж байна. Ирэх 10 жилд хөлбөмбөгийн ертөнцийг тодорхойлогч нь элфранц залуу байх нь гарцаагүй.
“Катар-2022”-ыг чимсэн өөр нэг зүйл бол Л.Месси, К.Роналду хэмээх хоёр агуу тоглогчийн сүүлчийн ДАШТ болсон нь юм. Аргентин тоглогч дөрвөн жилийн дараа 39, португал тоглогч 41 нас хүрнэ. Тиймээс энэ удаагийн тэмцээн тэдний хувьд ДАШТ-ий тавцан дээр хийсэн “сүүлчийн бүжиг” нь байлаа. Криштиану хүссэн амжилтдаа харамсалтай нь хүрч чадсангүй. Хасагдах шатанд бүр сэлгээнд суусаар таарав. Талбайд гараад ч К.Роналду багтаа хангалттай тус хүргэж чадаагүй. Ийм агуу тоглогчийн гайхалтай замнал ийнхүүбайдлаар дууссан нь бүр ч харамсалтай.
Харин Леогийн хувьд бүх зүйл сайхнаар дууслаа. Ерөөс “Катар-2022” Мессигийн наадам болж, өндөрлөв. Түүнд эсрэг багийн торгуулийн цохилтыг гарамгай няцаасан хаалгач Э.Мартинес, тун чухал гоолуудыг хэрэгтэй үедээ оруулж байсан Х.Альварес, финалд торгуулийн цохилт авчирч, өөрөө гоол оруулсан Ди Мариа гээд олон залуус нь өмөг түшиг болжтоглолоо. Тэд алтан цомын эзэн болохыг бусад бүх багаас илүүтэй хүссэн, түүндээ ч хүрэв.
Эцэст нь ийм гайхалтай тэмцээнийг дэлхийн олон тэрбум хүнд бэлэглэсэн Катар улсад баярлалаа.
Бэлтгэсэн Н.Энх