Дэлхийн аварга болсон Л.Мессигийн аялал бол кино урлагийн түүхэн дэх хамгийн их ашиг орлоготой бүтээл байж болохоор бэлэн зохиол юм. Эл кино эхний минутаас дуусан дуустлаа үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, гол дүрийн баатрыг огт тоодоггүй хүмүүсийн нулимсыг дуслуулж мэднэ.
Тэрхүү кино зохиолыг товч хүүрнэвэл, 18 настай Лео анхны ДАШТ-дээ оролцож, долоо хоногийн дараа буюу төрсөн өдрөөрөө шөвгийн 16-д ДАШТ-ээс хасагдана. Дөрвөн жилийн дараа алдарт Д.Марадонагийн удирдлагаар хасагдах шатанд шалгарах ч Германы багт 4:0-ээр бут ниргүүлнэ. Харин 27 насандаа финалд ялагдана.
Тухайн үед буюу 2014 онд Л.Мессийг дахин хэзээ ч мөрөөдөлдөө ийм ойрхон ирэхгүй гэж олон хүн бодож байв. Аргентины шигшээ тэмцээн бүртсайн бүрэлдэхүүнтэй ирж, түрүүлэх цөөн хэдэн багийн тоонд орсоор ирсэн ч тухай бүртээбүтэлгүйтсээр байв. Л.Месси хүртэл багаа энэ бүх ялагдлаас аварч чадахгүй байсаар.
Шигшээ багаас зодог тайлж, улмаар эргэн ирсэн нь Альбиселестегийн бүтэлгүйтэл Леод асар хүндээр тусаж байсныг харуулдаг. Тийм ч учраас 35 насандаа шигшээгийнхээтөлөө тоглолтын стиль, арга барилаа өөрчлөлгүй явсаар 16 жилийн турш хүчин зүтгэсэн багтаа хүсэн хүлээсэн цомыг нь энэ удаа авчирч өглөө.
Катарт ирээд Л.Месси хувцас солих өрөөний хяналтыг гартаа авч, даруухан шидтэнээс ширүүн манлайлагч болон хувирч, талбай дээр хар ажлаас зүрхшээдэггүй, эсрэг багийнхнаа өддөг, хамгаалалтад тусладаг нэгэн болж хувирсан билээ. Гэхдээ л энэ бүх хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь Саудын Арабын багт ялагдсан түүх үгүй хийх дөхсөн. Магадгүй хөлбөмбөг сонирхогчид “Хэрэв өнөөдөр Мексикт хожигдвол Аргентин ДАШТ-ийг орхино” гэсэн хэвлэлийн гарчиг, мэдээг мартсан биз ээ. Тийм амаргүй байдалд орсноос хойш ердөө 23 өдрийн дараа тэд аваргын алтан медалийг энгэртээ зүүгээд зогсож байна.
Дэлхийн аварга цолыг хамгаалагчидтай тоглохоор өнгөрсөн ням гарагт “Лусаил” цэнгэлдэхийн талбайд гарч ирэхдээ Лео юу бодож байсныг таахад бэрх. Магадгүй тэрбээр Америкийн цомын гурав, ДАШТ-ий нэг финал гээд өмнөх дөрвөн финалын ялагдлын гашууныг дурссан ч байж мэднэ. Эл тоглолтын үнэ цэн, дэнчин дэндүү их байлаа. Замналынхаа хамгийн гайхалтай тулаанд оролцож, цомын эзэн болно, эсвэл 10 гаруй жилийн турш шигшээ багтаа өгсөн хөлс хөдөлмөр нь уур мэт сарнин алга болох сонголт түүнийг хүлээж байсан.
Лео шигшээд тоглосон 16 жилийнхээ туршид ид шидийг бүтээсээр ирсэн ч энэ удаад асар их дарамт дор тэрхүү ид шидээ дахин бүтээлээ. ДАШТ-ий финалд хоёр удаа торгуулийн цохилтоо оновчтой гүйцэтгэхийн тулд ямар их стресс, ямар их хатуужил, ямар их сэтгэлийн хат хэрэгтэй вэ гэдгийг тооцоход бэрх. Хэмжих боломжгүй тэдгээр шинж чанар Л.Мессид бүрэн байжээ. Түүнээс гадна 36 насандаа 110 минутын турш довтолгоог дэмжиж, хамгаалалтад тусалж, бөмбөгний төлөө үсэрч, дараа нь торгуулийн цохилтыг давах сэтгэлийн тэнхээ, бие махбодын хүч түүний жижигхэн биений хаанаас гарав аа гэх бодол өөрийн эрхгүй төрнө.
Тэрбээр замналынхаа турш дэлхийн олон дээд амжилтыг эвдэж, хувь тоглогчийн олон шагналыг хүртэж, компьютер тоглоом мэт талбайд тоглосоор ирсэн. Гэхдээ л 1986 онд дэлхийн аварга болсон Д.Марадонагийн энд хүрэхгүй хэмээн үргэлж гоочлуулсаар байлаа. Хэдийгээртэр цом Аргентиных боловч Д.Марадонагийн ачаар түүнд хүрсэн юм. Харин одоо хоёр агуу аргентин тоглогчийг ингэж харьцуулах шаардлага үгүй боллоо.
Өдгөө Л.Мессигийн цуглуулгад долоон “Алтан бөмбөг”, олон арван хувь тоглогчийн шагнал, клубийн түвшинд хүртсэн 42 цом, тэр дундаа дэлхийн аваргын алтан цом бий. Шигшээ тоглолтоос өмнө тэрбээр К.Роналдутай харьцуулдаг мөнхийн маргааныг дуусгасан бол энэ удаад албан ёсоор Марадонагаас илүү гарлаа. Тэрхүү мөчийг үзсэн бид үнэхээр азтай.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар